Уншиж байна ...

"Дүүжин тээврийн барилга угсралтыг өвлийн нөхцөлд тохирсон аргачлалаар гүйцэтгэж байна" гэлээ

Д.Янжиндулам, ikon.mn
4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Яармаг, Арцат-Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт үргэлжилж буй. Өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалтын ажлын нийт гүйцэтгэл 40 хувьд хүрчээ.

Өвлийн нөхцөлд барилга угсралтын ажилд өндөр шаардлага тавигддаг тул талбайн инженерүүд тусгай аргачлал боловсруулан бетон цутгалтыг хэвийн үргэлжлүүлэх зохицуулалтыг хийжээ. Тодруулбал цутгалт явагдах хэсгийг бүрэн битүүмжилж, дотор орчны температурыг +10 хэмд тогтвортой барьж, бетон 70 хувийн бат бэхдээ хүртэл дулааны арчилгаа хийж буй нь бүтээцийн чанар, тэсвэртэй байдлыг хангах аж.

Түүнчлэн төслийн буудал болон тулгуур угсралтын ажил 42.5, тулгуур багануудын суурийн ажил 92 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Буудлын барилгын каркасны бетон цутгалт 75 хувьд хүрч, хэв хашмал угсралт, арматурын зангилаа, дотор инженерийн холболтын бэлтгэлийн ажлууд зэрэгцэн хийгдэж байгаа бөгөөд дүүжин замын тээврийн шугамын тоноглолын суурилуулалт ирэх оны нэгдүгээр улиралд эхлэх юм байна.

Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор Баянгол болон Хан-Уул дүүргийг холбосон нийтийн тээврийн шинэ төрөл бий болж, авто замын ачаалал буурах, зорчигчдын зорчих хугацаа богиносож, тухайн хэсгийн авто замын хөдөлгөөний дундаж хурд 4 хувиар нэмэгдэх тооцоо гарчээ.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэлийн хэлтэс