Уншиж байна ...

Гаалийн ажилтнуудтай холбоотой 11 гомдол, мэдээлэл бүртгэгджээ

Редакцын бус нийтлэл
9 минутын өмнө
Редакцын бус нийтлэл
Зураг зураг

Иргэд олон нийттэй харилцах “11-11” төвд тусгай шугам нээж, гаалийн ажилтнуудын хууль бус үйлдлийн талаар мэдээлэл авах үйл явц үргэлжилсээр байна.

ЗГХЭГ иргэдээс ирсэн мэдээллийн нууцлалыг хадгалж, судалж шийдвэрлэх чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллаж байна. Тодруулбал, "Гаалийн байгууллага импортын бараанд тавих татварыг дур мэдэн тогтоож байна. Жишээ нь манай оруулж ирдэг бүтээгдэхүүнийг хямд юм байна гэж үзээд өндөр татвар ногдуулсан. Уг нь зах зээлийн ханшаар бодоход 2.2 сая орчим төгрөгийн татвар төлөх байтал 2 дахин өндөр татвар ногдуулж, үнэ хөөрөгдүүлж байна" гэх агуулгатай гомдлыг нэр бүхий иргэн мэдээлжээ.

Мөн нэр бүхий боомтын гаалийн дарга албан тушаалаа урвуулан ашиглаж, ашиг сонирхлын зөрчил гаргасан тухай болон гаалийн зуучийн тусгай төлбөрийн үнэ хэт өндөр байгааг эргэн харах, шинээр үйл ажиллагаагаа эхлүүлж буй байгууллагад гаалиас дарамт шахалт үзүүлдэг зэрэг байдлыг шалгаж өгөхийг иргэд мэдээлэлдээ онцолжээ.

Тусгай шугам нээснээс хойш иргэдээс ирүүлсэн мэдээллийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт өдөрт нь хүргүүлж, дүн шинжилгээ хийлгэж байна. Улмаар тодорхой хэмжээний баримт бүхий зарим мэдээллийг нарийвчлан нягталж, хуулийн байгууллагад шилжүүлэхээр зэхэж байна. Нийгэмд шударга ёс тогтоох, баялгийн хулгай, авлига албан тушаалын гэмт хэргийн эсрэг тэмцлийг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газар тусгай ажлын хэсэг байгуулсан. Энэ хүрээнд гаалийн байгууллагад хийсэн хяналт шалгалтаар авлига, албан тушаалын ноцтой хэргүүд илрээд буй.

Үүнтэй холбогдуулан өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт /2025.12.05/ Ерөнхий сайд Г.Занданшатар Улаанбаатар хот дахь Гаалийн газарт ажиллаж, гаалийн байгууллагад эрс шинэчлэл хийх, албан тушаалын эрсдэл өндөртэй 50-70 байцаагчийг яаралтай ротацид оруулах, хууль зөрчсөн, ёс зүйгүй үйлдэл гаргасан албан хаагчид шуурхай хариуцлага тооцох дүгнэлт гаргах зэрэг үүрэг өгсөн юм.