Уншиж байна ...

С.Баяр: Хожмын өдөр бодоод байхад үр өгөөжийг гэрээндээ болон хуульдаа яв цав тусгаж өгөөгүй нь Ерөнхий сайд байсан миний алдаа

Н.Эрхбаяр, iKon.mn
11 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол гурав дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.

Өнөөдрийн сонсголоор “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаврыг хэлэлцэж байгаа юм. 

Энэ үеэр Ерөнхий сайд асан С.Баяр гэрчээр дуудагдан ирж, “Оюу толгой” ХХК-ийн 34 хувийг төр авсан асуудалд хариулт өглөө. 

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: Оюутолгойн төсөл манай улсын анхны хөрөнгө оруулалтын гэрээ байсан. Тэгэхээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газарт зөвлөхөөр ажиллаж байсан дэлхийн томоохон компаниуд маш олон зөвлөмж өгч байна. УИХ-ын 40 дүгээр тогтоолоор үндсэн чиглэл, 57 дугаар тогтоолоор гэрээ байгуулахад харгалзаан үзэх зүйлийг ойлгомжтой зааж, танд гарын үсэг зурах эрхийг олгож байсан. 

Тухайн үед гэрээ байгуулахдаа зөвлөмжийг хэрхэн тусгасан гэж дүгнэж байна вэ. Та УИХ-ын нэгдсэн чуулган дээр төслөөс хүртэх өгөөж 55-75 хувь байна гэж хэлж байсан. Төслийн ТЭЗҮ эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлагдаагүй байхад гэрээ байгуулагдсан.

Ерөнхий сайд асан С.Баяр: Өгөөж гэдэг бол гол асуудал. Бидний хувьд хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээг боловсруулсан. Тухайн үед ТЭЗҮ боловсруулах бололцоогүй байсан. Энэ гэрээг хэдийгээр 2009 оны аравдугаар сарын 6-нд баталсан боловч тодорхой нөхцөл бозол хангасны дараа хүчин төгөлдөр болох байсан. Тиймээс 2010 оны гуравдугаар сарын 31-нээс хүчин төгөлдөр болсон. 

Бидний бодож байсан санхүүгийн схемийн дагуу 34 хувьтай байвал өгөөжийн хэмжээ 35-58 хувь байсан. 34 хувийг авахгүй явбал үр өгөөж 70 гаруй хувьтай байхаар тооцоо гарч байлаа. 

УИХ-ын 57 дугаар тогтоолыг тойрч нэлээд ярих ёстой. Хувь нийлүүлэгчдийн гэрээ хууль нийцсэн эсэхийг үзүүллээ. УИХ-ын 57 дугаар тогтоол гарсанд би сэтгэл хангалуун бус байсан. Энэ тогтоол нь өөрөө хуульд нийцээгүй гарсан гэдэг асуудлыг УИХ-ын удирдлагуудад тавьж байсан.

Хууль дээрээ улсын төсвийн оролцоогүй хайгуул хийсэн газар 34 хувь хүртэлх гэж заасан. Гэтэл УИХ-ын 57 дугаар тогтоолд 34 хувиас доошгүй, цаашдаа анхны хөрөнгө оруулалтаа нөхсөн тохиолдолд төр эзэмшлийг 50 хувь эзэмшинэ гэсэн шаардлага тавьсан.

Өнгөрсөн хэдэн өдрийн түр хорооны явцыг харлаа. Гол үндсэн асуудлаа ярихгүй, үр дагавраа яриад байх юм. Өр зээл, зээлийн өндөр хүүг тойрч яриад байгаа. Монголчуудын үг байдаг, овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ гэж. Овоо нь 34 хувь юм. 34 хувийг авах болсноос хамаараад, зээлийн гэрээ болж хувирсан. 34 хувийг заавал ав гэсэн байдлаар Засгийн газарт үүрэг болгосон. Энэ бол хөрөнгө оруулалтын гэрээг зээлийн гэрээ болгосон. Гол асуудал 34 хувьд байна.

Сонсголын гол үр дүн бол цаашдаа яах вэ гэдэг асуудлыг харах ёстой. 34 хувьтай байгаа нөхцөлд бид өр зээлээ ярьсан хэвээрээ л байна.

Нэгэнт УИХ-ын тогтоол гарсан учраас 34 хувьтайгаар хэлэлцээр байгуулахаас өөр аргагүй болсон. Би алдаа гаргасан гэж боддог. 34 хувьтай тогтоол баталсан хүмүүсийг буруутгаад байдаггүй. 

Үр өгөөжийг дээшлүүлэх тусгай АМНАТ-ийн зохицуулалт тухайн үеийн хуульд байгаагүй. Тэр үед тусгай АМНАТ-өөр явсан бол үр өгөөж хамаагүй өндөр гарах байсан. Хожмын өдөр бодоод байхад үр өгөөжийг гэрээндээ болон хуульдаа яв цав тусгаж өгөөгүй нь Ерөнхий сайд байсан миний алдаа. Үр өгөөжийг хуульчилж чадаагүй. Үр өгөөжийг татвар хураамж, сүүлд нь ногдол ашиг авна л гэж байгаа.


Ногдол ашиг, үр өгөөжийн талаар:

Бид 2010 оноос хойш үр өгөөжөө бодох нэг л аргачлалтай явж ирсэн. Оюу толгойн үр өгөөжийн хуваарилалтыг талууд анх тохирохдоо 1. Хөрөнгө оруулагч – ногдол ашиг, зээлийн хүү, менежментийн төлбөрөөр, 2. Засгийн газар – ногдол ашиг, татвар, төлбөр хураамжаар авна, 3. Ногдол ашиг хуваарилалт болон төслийн санхүүжилтийн төлөвлөгөөг 2011 онд хувь нийлүүлэгчид анх ярилцаж тохирсон байсан.
Оюу толгойн үр өгөөжийг том зургаар нь үндсэн 3 хэлбэрээр харах нь зөв болов уу. Нэгт татварын орлогоор буюу төсөвт төвлөрүүлэх мөнгөн дүнгээр, Хоёрт ажлын байр, дотоодын худалдан авалт буюу эдийн засгийн идэвхжилээр, Гуравт ногдол ашгаар буюу Эрдэнэс Оюу толгойд оногдох мөнгө урсгалаар гэх мэт.
Оюу толгойн хувьд эхний хоёрыг бүтээн байгуулалтын ажил эхэлсэн эхний өдрөөс биелүүлсэн бол, ногдол ашгийг Эрдэнэс Оюу Толгой, Рио Тинтогийн аль алинд нь хуваарилж эхлээгүй байна. Оюу толгой 2025 оноос эерэг мөнгөн урсгалтай болж эхэлсэн учраас Уурхайн бүтээн байгуулалтад 16 тэрбум ам.доллар зарцуулж, дэлхийн хамгийн аюулгүй уурхайнуудын нэгийг байгуулсан. 2010 оноос хойш нийт 5.3 тэрбум ам.долларыг татвар хураамжид төлсөн бөгөөд 2026 онд 600 сая ам.доллар төлөхөөр төлөвлөж байна.

видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/4365826823651616