АНУ-ын Виржиниа мужийн нэг архины дэлгүүрийн ажилтнууд Бямба гарагийн өглөө ажилдаа ирээд согттолоо уугаад ухаан алдаж унасан илбэнхийг олжээ.
Уг амьтан ариун цэврийн өрөөний шалан дээр суултуур, хогийн сав хоёрын дунд хэвтэж байсныг олсон байна.
Цагдаагийн ажилтнууд илбэнхийг Хановер дүүргийн Амьтан Хамгаалах Төвд аваачсан ч ухаан орохыг нь хүлээхэд хүрсэн гэнэ.
Биедээ ямар нэг шарх сорвигүй илбэнх хэдэн цагийн дараа ухаан ороход цагдаа нар буцааж байгальд нь тавьжээ.
“Ashland ABC” дэлгүүр талархлын баярын амралттай холбогдуулан Баасан гарагт ажиллаагүй юм байна.
Маргааш нь ажилдаа ирсэн хүмүүс шалан дээр хөглөрөх хагарсан архины шилнүүдийг олж харжээ. Сонирхолтой нь илбэнх ингэхдээ санамсаргүй байдлаар хагалаагүй, шотланд вискийг сонгож хагалсан байсан гэнэ.
Амьтны хяналт хариуцсан офицер Саманта Мартиний мэдээлснээр илбэнх архины дэлгүүрт дээврээр дамжиж ороод таазны нэг хавтан унахад гарсан зайгаар нэвтэрчээ.
Дэлгүүрийн захиргаа сошиал хуудсандаа “өөрийн үйлчлүүлэгчийг эсэн мэнд гэрт нь хүргэж өгсөн” цагдаагийн албаныханд талархал илэрхийлсэн байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!