Олон Улсын Жүдогийн Холбоо (IJF)-ноос зохион байгуулдаг цуврал тэмцээний нэг болох Абу Дабигийн Их Дуулга тэмцээн өндөрлөлөө.
Дэлхийн 52 орон оролцсон энэ удаагийн тэмцээнд Монголын баг эрэгтэй найм, эмэгтэй долоон тамирчинтай оролцсон юм. Тэднээс эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд хүч үзсэн Б.Гончигсүрэн алт, эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Ариунболд, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн нар мөнгөн медаль хүртлээ.
Энэ удаагийн Их Дуулгаас 11 орон алт, 26 орон ямар нэгэн медаль хүртсэн байна.
Тус тэмцээнд ОХУ-ын баг хоёр алт, дөрвөн мөнгөн медаль хүртэж багийн дүнгээр тэргүүлсэн бол Япон хоёр алт, хоёр хүрэл, Германы баг хоёр алтан медаль зүүв.
Харин монголчууд багийн дүнгээр IV байр эзэллээ.
Сонирхуулахад энэ сарын 6-наас 7-ныг дуустал Японд Токиогийн Их Дуулга тэмцээн болно. Энэ тэмцээнд манай улсаас 16 жүдоч өрсөлдөхөөр нэрээ өгчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!