"Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулж, биечлэн очих шаардлагагүйгээр цахимаар баталгаажуулдаг болгоно"

Б.Бадамгарав, IKon.mn
51 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамнаас хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн асуудлуудаа сайд нь танилцууллаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан "Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барихаар болсон. Өдөр бүр иргэд гарын үсэг зурах, итгэмжлэл авах, өгөх, өмч хөрөнгө шилжүүлэх зэрэг олон төрлийн үйлчилгээ авдаг. Энэ бүрдээ биечлэн очиж баталгаажуулдаг байсан бол үүнийг нь шинэ хуулиар халах юм. Өөрөөр хэлбэл нотариатын бүх төрлийн үйлчилгээг харьяалал харгалзахгүй аль ч дүүргийн нотариатаас цахимаар баталгаажуулах боломжтой болно. Биечлэн очих шаардлагагүй болно.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Одоогийн байдлаар гэрээ хэлцэл гэрчлэх, итгэмжлэл гэрчлэх, гарын үсэг үнэн зөвийг гэрчлэх нь нотариатын үйлчилгээний 96.5 хувийг эзэлж байна. Энэ бүгдийг цахимжуулж, зайнаас үйлчилгээгээ авах боломжтой болгоно" гэж мэдэгдэв.

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчныг шинэчлэх багц хуулийн төслийг өргөн барихаар болжээ. Энэ тухай сайд С.Амарсайхан "Иргэний шүүхийн шийдвэртэй холбоотой хэрэг маргаан, гомдол асар их. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өнөөдөр 60,000 орчим гүйцэтгэх хуудас бий. Үүний 35,000 орчим иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэл. Биелэлт нь 13-хан хувь. Нийт 7.1 их наяд төгрөгийн шүүхийн гүйцэтгэх хуудас байгаа. Эдгээр гүйцэтгэх хуудас түдгэлзсэн байдалтай байгаа нь иргэд хохирлоо барагдуулж чадахгүй байна гэсэн үг.

Шүүхийн шийдвэр гарцаагүй биелдэг, гэрээ хэлцэл хамгаалагддаг, шударга ёс бодитой хэрэгждэг болгохтой холбоотойгоор ийнхүү шинэчилнэ" гэлээ.