А.Дагвадорж: Эрчим хүчний салбарт маргааш өглөө эхлэх байсан ажил хаялтыг зогсоож байгаагаа мэдэгдье

Э.Тэмүүлэн, iKon.mn
48 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрчим хүчний салбарт зургаадугаар сарын 30-ны өдрийн 08:00 цагаас ажил хаялт эхлэхэд бэлэн болсон талаар Эрчим хүчний яаманд мэдэгдэл хүргүүлсэн талаараа өмнө нь хэвлэлийн хурал хийж байв. 

Тэгвэл Яамны зүгээс хамтын хэлэлцээ хийх талаар санал гаргасан тул ажил хаяхаа зогсоосон талаар өнөөдөр мэдэгдлээ. Гэхдээ хоёр холбоо санал зөрөлдсөн учраас зарим нь ажил хаялтаа үргэлжлүүлж болзошгүй байгаа юм байна. Тухайлбал цалин болон бусад зарчмын зөрүүтэй саналд цуг хэлэлцээд орсон Дулаан, Цахилгаан Үйлдвэрлэгчдийн Холбооны зүгээс үндсэн цалинг нэмэх саналтай байгаа юм.

Энэ талаар Монголын Эрчим хүч, Геологи, Уул Уурхайн Үйлдвэрчний Эвлэлийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Дагвадорж "Манай холбоо болон гишүүн 22 байгууллага, 6,000 гаран ажилтан Эрчим хүчний салбарын зарчмын зөрүүтэй санал дээр ажил хаяхаа мэдэгдсэн. Зургаадугаар сарын 29-ний өдөр биднийг хэвлэлийн хурал хийсний дараа Яамнаас холбогдоод "Ажил хаялт бол аль аль талдаа ашигтай бус. Тиймээс хэлэлцээ хийе" гэсэн санал тавьсан учраас тэр өдрийнхөө 20:00 цагт хэлэлцээ хийсэн.

Үүнээс хойш шөнийн 02:00 цаг хүртэл тасралтгүй зургаан цаг хэлэлцээ хийсний үр дүнд бидний тавьсан санал буюу цалинг 30 хувь нэмэх саналыг Яам хүлээж авсан.

Ингэхдээ 2026 оны долдугаар сарын 1-ний өдөр буюу өнөөдрөөс эхлээд нийт цалингийн санг 10 хувь, энэ оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн цалингийн санг дахин 5 хувь нэмэгдүүлнэ. Түүнчлэн 2027 оны долдугаар сарын 1-ний өдөр 10 хувь, 2027 оны аравдугаар сарын 1-нээс ахин 5 хувь өсгөх үе шаттайгаар 30 хувь нэмэгдүүлэхээр санал тавьсан.

Бидний зүгээс энэ саналынх нь дагуу хэлэлцээг үргэлжлүүлэх боломжтой байна гэж үзээд ажил хаялтыг 48 цагийн хугацаагаар хойшлуулсан.

Энд нэмж дурдахад Эрчим хүчний салбарт Дулаан, Цахилгаан Үйлдвэрлэгчдийн Холбоо гэж бий. Бид энэ хэлцэлд хамт орж байгаа. Жишээлбэл Боловсролын салбарт багш нарын холбоо гэж байдагтай адилхан өөр холбоо гэсэн үг. Яг энэ зарчмын зөрүүтэй 12 саналын цалин нэмэх санал дээрээ зөрөлдсөн. Өөрөөр хэлбэл манай холбоо Эрчим хүчний яамны тавьсан саналыг хүлээж авсан ч харин нөгөө холбоо маань үндсэн цалинг 15, 15 хувиар нэмэх саналтай байгаа.

Үүнд тайлбар өгөхөд үндсэн цалинг нэмснээр ажилчид хоорондын цалингийн зөрүүг холдуулах юм байна гэж бид үзсэн. Тийм учраас цалингийн сан буюу тухайн жилд батлагдсан цалингийн төсвийг 10 хувиар нэмэгдүүлээд бага цалинтай ажилчдынхаа цалинг илүү нэмэх саналтай байна.

Гэтэл нөгөө холбоо энэ саналыг эсэргүүцсэн. Бид хэлэлцээгээ албажуулах шаардлагатай. Уг хэлэлцээд манай холбооноос найм, нөгөө холбооноос гурван хүн орсон. Эрчим хүчний яам, зохицуулах хороо, ажил олгогчдын төлөөлөл 11 хүн байгаа. Уг 22 хүн хэлэлцээг албажуулах ёстой юм. Гэтэл үндсэн хэлэлцээгээ үргэлжлүүлэхгүй, ямар нэг байдлаар өөр зорилготойгоор гацааж байна гэж бид үзэж байгаа. 

Ямартай ч бид хэлэлцээд шийдэлд хүрчихсэн тул маргааш эхлэх байсан ажил хаялтыг зогсоож байна" гэв.