Наадмын нээлт, хаалтын тасалбарыг нэг ширхгийг нь дунджаар 450 мянган төгрөгөөр дамлан зарж эхэлжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
35 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдөр 07:00 цагт enaadam.mn сайтаар худалдаалж эхлээд 4-6 минутын дотор зарагдаж дууссан. 

Долоодугаар сарын 11, 12-ны өдрийн нээлт, хаалтын тасалбарыг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудлын байрлалаас хамаараад 136,500-157,500 төгрөгөөр зарсан юм. 

зураг
 

Наадмын нээлт, хаалтын тасалбар зарагдаж дууссанаас 4-5 цагийн дараагаас иргэд маш олон тоогоор дамлан зарж эхлээд байна. Олон нийтийн сүлжээн дэх зарын дагуу холбогдож тодруулахад нэг тасалбар дунджаар 450 мянган төгрөгт хүрсэн байгаа юм.

Тасалбар дамлаж буй иргэдийн ярьж буйгаар долоодугаар сарын 3-наас Монгол шуудангаар хүргэлт хийгдэж эхлэх бөгөөд ширхгээр болон нэг дор, дараалсан 10-н суудлын тасалбарыг зарах боломжтой гэв. Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооноос өчигдөрхөн мэдээлэхдээ нэг хэрэглэгч 1-2 тасалбар авах боломжтой гэж байсан боловч хоёрдогч зах зээл дээр олон тоогоор, анхны үнээсээ гурав дахин үнэтэй зарагдаж эхэллээ.

Одоогоор тасалбарыг биетээр тарааж эхлээгүй байгаа. Долоодугаар сарын 3-ны өдрөөс 10-ны өдрийн дотор “Монгол шуудан” ХК нь хэрэглэгчийн Enaadam.mn-д бүртгэлтэй хаягт хүргэх болон шуудангийн салбаруудаар түгээх юм. Харин дамлан зарж буй иргэд энэ сарын 3-наас шуудангийн салбарууд дээр уулзаад авах боломжтой гэсэн.

Энэ жилийн наадмын тасалбар борлуулах системийг "Коди" ХХК-аар гүйцэтгүүлсэн. Тус компанийн гүйцэтгэх захирал А.Золжаргалаас цахимаар борлуулсан тасалбарын талаар тодруулах гэтэл мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

"Коди" ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Золжаргал

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Наадмын билет авна зарна" нэртэй фэйсбүүк группүүд дээр тасалбар зарах мэдээллүүд минут тутамд орсоор байна.