ТАЙЛБАР ТОЛЬ: Төрийн албан хаагч та ТАЛ ТОХОЙ ТАТВАЛ ёс зүйгүй
Монгол Улсын Ёс зүйн хороо, Канад Улсын Мерит төсөл хамтарсан “Төрийн албаны ёс зүйн тогтолцоо, хамтын ажиллагаа” сэдэвт туршлага судлах уулзалтыг өнөөдөр Гадаад Харилцааны Яам (ГХЯ)-нд зохион байгууллаа.
Манай улсад 213,611 төрийн албан хаагч ажиллаж байна.
Төрийн ажилтан, албан хаагчдын нийтлэг алдаа дутагдал, ёс зүйн зөрчил нь
- ёс бус үг хэллэг хэрэглэх
- албаны нэрийг хувийн зорилгоор ашиглах
- хүний эмзэг болон хувийн мэдээллээр бусдыг гутаах
- ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх зэрэг үйлдэлтэй холбогддог байна.
Зураг: 2026 оны нэгдүгээр улиралд
Ёс зүйн зөрчил гаргасан төрийн албан хаагчид оногдуулдаг хамгийн хөнгөн шийтгэл нь "Уучлалт гуйх", харин хүнд хариуцлага нь "Ажлаас чөлөөлөх" арга хэмжээ болдгийг Монгол Улсын Ёс зүйн хорооны гишүүн, доктор, профессор Ш.Батсүх хэлж байлаа.
Ёс зүйн нэр томьёоны тайлбар:
Тэгвэл төрийн албан хаагч чухам ямар үг хэллэг ашиглаж, үйлдэл хийвэл ЁС ЗҮЙН зөрчил болох талаар тодорхойлсон "Төрийн албан хаагчийн ёс зүйн нэр томьёоны тайлбар" толийн агуулгаас ТОЙМЛОН хүргэе.
Энэхүү тайлбар толийг "Канад-Монголын Мерит" төслийн санхүүжилтээр төрийн албан хаагчдын хэрэгцээнд зориулан ийнхүү хэвлэж, зарим нэр томьёог тайлбарлажээ.
ЁС БУС ҮГ, ХЭЛЛЭГ: Ёс бус үг хэллэг нь ёс суртахуун, нийгмийн хэм хэмжээнд харш, хүндэтгэлгүй, дорд үзсэн, ялгаварласан утга агуулна. Төрийн албанд иргэдтэй харилцах, төрийн үйлчилгээг хүргэхдээ зохисгүй үг хэрэглэх нь үйлчилгээний соёлд сөргөөр нөлөөлнө. Ёс бус үг хэллэг нь шууд доромжлол биш ч үл хүндэтгэсэн, зохисгүй утга илэрхийлж болно.
АЖЛЫН БАЙРАН ДАХЬ ХОРТОЙ ХАРИЛЦАА: Хортой харилцааны улмаас байгууллагын баг, хамт олны дунд үл итгэх хандлага үүсдэг. Дарамт шахалт, доромжлол, үл хүндлэл нь ажилтны сэтгэл зүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, ажлын идэвхийг бууруулдаг.
АЛТАН ДҮРЭМ: "Хүмүүс чамтай яаж харилцаасай гэж хүсдэг шигээ бусадтай тэгж харилц" хэмээх шаардлага. Алтан дүрмийн утга нь хүн бүр өөрийн үйлдлээ тунгаан бодож, өөртөө хүсдэггүй үйлдлийг бусдад хүсэхгүй байх явдал.
ӨДӨӨН ТУРХИРАХ: Өдөөн турхирах нь бодит үйлдэл үүсгэхэд хүргэнэ. Хүний сэтгэл хөдлөлийг санаатайгаар хөдөлгөж, уурлуулах, бухимдуулах, эсвэл тодорхой үйлдэл хийхэд хүргэх явдал. Үг, үйлдэл, дохио зангаа зэргээр бусдыг тайван байдлаас нь гаргаж, сөрөг хариу үйлдэл үзүүлэхэд хүргэх зан үйл.
ТАЛ ТОХОЙ ТАТАХ: Ах дүү, хамаатан садан, танилаа дотночлон үзэх, бусдаас илүү үзэж хэрэг явдлыг нь бүтээж өгөх. Албан тушаал, ажил, эрх мэдэл, нөөцийг хуваарилахдаа хамаатан садан, гэр бүлийн холбоотой хүмүүсийг шударга бус, давуу байдалтайгаар дэмжих үйлдэл.
ТУУШТАЙ БАЙДАЛ: Тууштай байдал нь итгэл даах чадвар болон чигч байдал, үнэнч зүтгэл, шударга чанарын үндсэн шинж юм.
ҮГ, ҮЙЛДЛЭЭРЭЭ ХҮНДЭТГЭХ: "Үгээрээ хүндэтгэх" нь хэл яриа, бичиг илэрхийллээрээ бусдыг хүндэтгэх, "үйлдлээрээ хүндэтгэх" нь зан үйл, шийдвэр, үйлчилгээний хэлбэрээр хүний эрхийг зөрчихгүй байхыг хэлнэ.
ХЭРСҮҮ УХААН: Хэрсүү гэдэг үгийг Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь бичигт "Үйл явдалд хашир хянамгай, болгоомж сэрэмж сайтай", "Аливаа ажил үйлсэд хашир, туршлагатай" хэмээн тодорхойлсон байдаг. Харин ухаан гэдэг үгийг толь бичигт "Хийсвэрлэн сэтгэх чадвар", "Арга, тархины сэтгэх явц" гэж тодорхойлжээ. Хэрсүү ухаанаар сонголт хийх нь олон талаас нь хангалттай үндэслэж, оновчтой шийдвэр гаргахад тусалдаг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!



