Уншиж байна ...

Л.Батцэнгэл: Хувь хүний орлогын төрлөөс хамаарч татварын хувь хэмжээ харилцан адилгүй байна

ikon.mn
2025 оны 11 сарын 18
IKON.MN

#ЗӨВЛӨН ТУСЛАХ ТАТВАРЫН АЛБА

ТЕГ-ын Олон нийттэй харилцах төв Татварын Улсын Байцаагч Л.Батцэнгэлтэй ярилцлаа.

зураг
 

- Танд өглөөний мэнд хүргэе.

- Баярлалаа та бүхэндээ өглөөний мэнд хүргэе.

- Энэ удаагийн дугаараар ямар мэдээллийг уншигчдадаа хүргэх вэ?

- Өнөөдөр Хувь хүний орлогын албан татварын тухай (цаашид ХХОАТ-ын гэх) хуулийн талаар иргэд, татвар төлөгчдөдөө мэдээлэл хүргэе гэж бодож байна.

- Тэгэхээр мэдээж хуульчилсан байдаг байх. Хэзээнээс эхэлж мөрдөж эхэлсэн байдаг юм бол? Хоёулаа эхлээд уншигчдадаа ерөнхий ойлголтыг нь өгчихье.

- Тийм. Өмнөх дугаар дээр орчин цагийн татварын алба 1992 онд байгуулагдсан, ингээд 5 төрлийн татварын хуулийг боловсруулаад 1993 оноос мөрдөж эхэлсэн гэж ярьсан. Түүний нэг нь ХХОАТ-ын тухай хууль юм. Тухайн үедээ Хүн амын орлогын албан татварын тухай хууль нэртэй байсан. Үүнээс хойш 2 удаа шинэчлэгдсэн. Эхнийх нь 2006 онд шинэчлэгдээд 2007 оны 01 сарын 01-ний өдрөөс мөрдсөн. Дараа нь 2019 онд  шинэчлэн найруулагдаад 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн. Энэ хууль одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

- Энэ татварыг хэн төлөх вэ? хэнд хамааралтай вэ гэдгээс бас яриагаа эхлэх үү?

- ХХОАТ-ын тухай хуулийн дагуу Монгол Улсаас орлого олсон иргэн бүр татвар төлөх ёстой. ХХОАТ-ын тухай хуулиар татвар төлөгчийг Монгол Улсад байнга оршин суугч татвар төлөгч болон байнга оршин суугч бус татвар төлөгч гэж 2 ангилдаг. Монгол Улсад байнга оршин суугч татвар төлөгчийг тодорхойлох үндсэн 2 шалгуурыг хууль дээр зааж өгсөн бөгөөд дэс дарааллын дагуу хэрэглэхээр заасан. Нэгдүгээр шалгуур нь тухайн иргэн үргэлжилсэн 12 сарын хугацаанд 183 хоног ба түүнээс дээш хугацаанд Монгол Улсад амьдран суусан байх.

Энэ 183 хоног гэдэг энэ шалгуураар тодорхойлж болж байвал дараагийн шалгуурыг авч үзэх шаардлагагүй. Харин 183 хоног гэсэн энэ шалгуураар тодорхойлох боломжгүй бол тухайн иргэний татвар ногдох нийт орлогын 50-аас дээш хувийг Монгол Улсад олсон орлого болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого болон эзэлж байвал байнга оршин суугч албан татвар төлөгч болно гэсэн дараагийн шалгуурыг авч үзнэ. Энэ 2 шалгуурыг хангахгүй байгаа тохиолдолд оршин суугч бус татвар төлөгч болно. Гэхдээ энд нэг зүйлийг анхаарах ёстой.

Гадаадын ЭСЯ, дипломат төлөөлөгч, консулын газарт ажиллаж байгаа хүмүүс уг нь бол жилийн туршид Монгол Улсад амьдарч байгаа. Нөгөө 183 хоног гэдэг шалгуураар бол Монгол Улсад байнга оршин суугч иргэн болно. Гэхдээ тэд гадаад улсаас томилогдон ажиллаж байгаа тухайн улсын төрийн албан хаагчид гэдэг утгаараа байнга оршин суугч бус иргэн болно. Яг үүнтэй адилхан Монгол Улсаас гадаад улсад томилогдон ажиллаж байгаа төрийн албан хаагч буюу Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа хүмүүс Монгол Улсад байнга оршин суугч иргэн байна.

- Энийг сайн ялгаж салгаж ойлгох ёстой юм байна шүү тийм үү? 

- Тийм. Татвар төлөгчийг байнга оршин суугч болон байнга оршин суугч бус гэж ангилаад байгаагийн цаад шалтгаан нь ямар орлогоосоо татвар төлөх вэ гэдгээрээ ялгаатай. Монгол Улсад байнга оршин суугч иргэн бол Монгол Улсад олсон орлого, Монгол Улсаас эх үүсвэртэй орлого, дээр нь гадаад улсад олсон орлогоосоо татвар төлнө. Харин Монгол Улсад байнга оршин суугч бус иргэд зөвхөн Монгол Улсад олсон орлого болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлогоосоо татвар төлнө.

- Тэгэхээр гадаад улсад олсон орлогоосоо бол төлөхгүй юм байна. Тийм үү?

- Тийм. Оршин суугч бус иргэн өөрийн харьяалах улсдаа олсон орлогоосоо Монгол Улсад татвар төлөхгүй. Монгол Улсад олсон ямар орлогоос албан татвар авах вэ гэдэг талаар авч үзье. ХХОАТ-ын тухай хуульд зааснаар бол иргэний орлогыг 6 төрөлд ангилан татвар ногдуулдаг. Үүнд, цалин, түүнтэй адилтгах орлого, үйл ажиллагааны орлого, хөрөнгийн орлого, мөн хөрөнгө борлуулсан шилжүүлсний орлого, шууд бус орлого,  бусад орлого гэсэн 6 төрөлд ангилдаг.

- Тэгэхээр олон төрлийн орлого байгаа учраас эдгээр орлого бүрээр татварын хувь хэмжээ нь өөр байх уу?

- Тийм. Нэгд, цалин хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлого байна. ХХОАТ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар энд 7 төрлийн орлого хамаарч байгаа юм. Энд ямар орлогууд хамаарч байна гэхээр ажил олгогчтой хийсэн хөдөлмөрийн гэрээний дагуу авч байгаа бүх төрлийн цалин урамшуулал, дээр нь үндсэн ажлаас гадуур давхар ажил эрхэлж цалин урамшуулал авдаг бол энэ орлого, мөн орон тооны бусаар ТУЗ, ажлын хэсэгт ч юм уу орж ажиллаад авсан цалин одоо урамшуулал бүгд багтана.

- Уучлаарай одоо дуучид ч юм уу магадгүй тоглолт дээр дуулсан орлого нь яг өөрийнх нь ажлаа хийгээд олж байгаа орлого учраас эхний энэ орлоготой хамаарах уу?

- Үгүй. Энэ хэсэг бол хөдөлмөрийн гэрээний дагуу буюу ажил олгогчтой байгуулсан гэрээний дагуу авч байгаа орлого юм. Таны ярьж байгаа тохиолдол бол үйл ажиллагааны орлого болно.

- Аан за тийм тэгвэл удахгүй танилцуулах юм байна.

- Тийм. Эхний хэсэг дээр 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс одоо мөрдөж эхэлсэн хуульд орсон нэг гол өөрчлөлт бол хоол унааны мөнгө. Өмнө нь шууд бус орлого гэж ангилдаг байсан. 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлээд хоол унааны мөнгийг цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүн хэсэг болгосон. Цалин хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос татвараа бодохын тулд эхлээд нийт цалингаасаа НДШ, ЭМД-ын шимтгэлийг хасна. Ажилтан өөрөө ЭМД 2%, НДШ 9.5%, нийлээд 11.5%-ийн шимтгэл төлдөг. Энэ НДШ, ЭМД-ын шимтгэлийг хасаад татвар ногдуулах орлого гарна. Энэ дүнгээс шаталсан хувиар татвар ногдуулна.

Татвар ногдох дараагийн орлого бол үйл ажиллагааны орлого. Энд 4 төрлийн орлого хамаарч байгаа. Бие даан мэргэжлийн ажил үйлчилгээ явуулаад олсон орлого байна, хувиараа бүтээгдэхүүн үйлдвэрлээд борлуулсны орлого байна, шинжлэх ухаан урлагийн бүтээл гаргаад олсон орлого байна. Сая таны хэлсэн урлагийн хүмүүс үндсэн ажлынхаа гадуур, төрөл бүрийн урлаг уран сайхны арга хэмжээнүүдэд оролцоод орлого олж байдаг. Үүнийг нь үйл ажиллагааны орлогод хамааруулж ойлгоно.

- Үйл ажиллагааны орлого, за ойлголоо.

- Мөн энэ үйл ажиллагааны орлого гэдэгт манай улсад нэлээн түгээмэл байдаг тогтмол бус үйл ажиллагааны орлогыг хамруулдаг. Манайд намар самар жимс түүгээд, хавар ноолуурын үеэр ямаа самнаад ч юм уу орлого олдог хүмүүс байдаг. Энийг тогтмол бус орлого гэж үзээд үйл ажиллагааны орлогод хамааруулж тооцдог. Үйл ажиллагааны орлогын хувьд иргэн, татвар төлөгч илүү анхаарах ёстой. Учир нь татвараа өөрөө тодорхойлж төлөх ёстой бөгөөд 2 янзаар төлж болно.

Нэгдүгээрт нь, үйл ажиллагааны орлогоосоо тэр орлогыг олохтой холбогдон гарсан зардлуудаа хасаад ашгаасаа 10%-аар татвар төлж болно. Нөгөө хувилбар нь хялбаршуулсан горим сонгож болно. Хялбаршуулсан горим гэдэг нь хүсэлт гаргаад, нийт орлогынхоо нэг хувиар татвар төлөх хувилбар юм. Үйл ажиллагааны орлоготой иргэдийн хувьд дийлэнх нь энэ хувилбарыг сонгодог. Учир нь ААН бол орон тооны нягтлан бодогчтой, нягтлан бодогч нь бүх тооцоогоо хийгээд, тайлангаа гаргаад явчихна.  Мэргэжлийн хүн байгаа учраас санаа зовох зүйл бага. Гэтэл иргэний хувьд өөр. Бүгд санхүү, эдийн засаг, хуулийн мэдлэгтэй биш, тийм байхыг ч шаардахгүй. Энэ тохиолдолд орлогын 1 хувиар татвар төлөх сонголт нь иргэнд давуу талтай.

Татвар ногдуулах орлогын 3 дахь төрөл нь хөрөнгийн орлого байна. Ерөнхийдөө ААНОАТ-ын тухай хуультай адилхан. Энд иргэн өөрийн хөрөнгөө түрээслүүлээд орлого олж болно, патент зохиогчийн эрх эзэмшдэг бол тэрийгээ бусдад ашиглуулаад эрхийн шимтгэлийн орлого олж болно, хувьцаа үнэт цаас эзэмшдэг бол ногдол ашгийн орлого олж байна, мөн хүүгийн орлого олж болно. Эдгээр орлогоос тогтмол 10%-ийн татвар төлнө. Гэхдээ түрээсийн хувьд олсон орлогоос энэ орлогыг олохтой холбоотой зардлаа хасаад зөрүүд нь ногдуулна. Харин эрхийн шимтгэлийн орлого, ногдол ашгийн орлого, хүүгийн орлогын хувьд нийт дүнд нь 10%-аар ногдуулна.

Татвар ногдуулах орлогын 4 дэх төрөл нь хөрөнгө борлуулсан шилжүүлсний орлого. Өөрийн хөрөнгийг зараад олсон орлого гэсэн үг. Үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлого байна. Энд нийт үнийн дүнгээс нь 2%-аар татвар ногдуулна. Өмчилдөг эрх буюу патент, лиценз зэргээ зарж болно. Борлуулсан үнээсээ тухайн эрхийг анх авахад гарсан зардлыг хасаад, зөрүүд нь 10%-аар татвар ногдуулна. Мөн хөдлөх хөрөнгө, хувьцаа, үнэт цаасаа зараад орлого олж болно. Энд худалдсан үнээс анх худалдаж авсан үнэ буюу анхны өртгийг нь хассан дүнгээс 10%-аар татвар төлнө.

Татвар ногдуулах дараагийн төрөл нь шууд бус орлого. Шууд бус орлого гэдэг нь ажил олгогчийн зүгээс эрхэлж байгаа ажил мэргэжилтэй нь хамааралгүйгээр нэмэлт байдлаар үзүүлж байгаа дэмжлэгүүд юм. Өмнө ярьсан хөдөлмөрийн гэрээний дагуу авч байгаа цалин урамшууллыг цалингийн орлого хэсэгт хамааруулсан. Шууд бус орлого нь ямар ажил хөдөлмөр эрхэлдгээс нь үл хамааран ажилтандаа дэмжлэг үзүүлж байгаа тохиолдлыг ойлгоно.

Түлээ нүүрсний хөнгөлөлт, орон сууцны одоо ашиглалтын зардлын хөнгөлөлт байдлаар байж болно, үнэ төлбөргүй эсвэл хямдруулсан үнээр тээврийн хэрэгслээр үйлчилж байж болно, ажилтны бусдад төлөх ёстой өрийг нь өмнөөс нь төлсөн байж болно, арилжааны банкны зээлийн хүүгээс доогуур хүүтэй зээлийг ажилтандаа олгосон байж болно, гэх мэтчилэн ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон цалин хөлснөөсөө гадна нэмэлтээр дэмжлэг туслалцаа үзүүлсэн тохиолдолд шууд бус орлого болно. Шууд бус орлогын нийт үнийн дүнд 10%-аар ХХОАТ ногдуулдаг. Энэ нь ажил олгогчтой холбоотой үүссэн харилцаа учраас ногдох татварыг нь ажил олгогчийн нягтлан бодогч тооцоод, суутгаж аваад цалингаас суутгасан татвартай хамт ТТ-11 тайланд тайлагнаад явчихна.

Татвар ногдуулах 6 дахь төрөл нь бусад орлого. Энд урлаг, спортын уралдаан тэмцээний шагнал байна. Нийт дүнгийн 5%-аар татвар ногдуулдаг. Эд мөнгөний хонжворт сугалаанаас хонжвор хожиж болно. Нийт дүнгийн 40%-аар татвар төлнө. Дээр нь бичил ажил үйлчилгээ эрхлэгч гэсэн ойлголт байдаг. Бичил ажил үйлчилгээ эрхлэгч гэдэгт 2 төрлийг хүмүүсийг хамруулдаг. Нэгдүгээрт нь ажлын байр нь тодорхой нэг газар байрладаггүй, зөөврийн худалдаа эрхлэгчид байна.

Энэ хүмүүсийн хувьд 2 хувилбараар татвараа төлж болно. Үйл ажиллагааны орлого гэж үзээд тайлагнаж болно. Эсвэл хуульд заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1%-аас 50%-ийн хооронд тогтоосон хувь хэмжээгээр, жилд нэг удаа татвараа төлж болно. Хувь хэмжээг нь аймаг, нийслэлийн иргэдийн хурал нь тогтооно. Хоёрт нь хувиараа зорчигч тээвэр болон ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүс. Ачааны машин, автобустай үүнийгээ ашиглаад орлого олдог иргэд. Бас адилхан үйл ажиллагааны орлогодоо оруулж тайлагнаад татвараа төлж нэг болно. Нөгөө тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50%-аас 100%-ийн хооронд орон нутгаас тогтоосон хувиар төлж болно. 2025 оны хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792.0 мянган төгрөг байгаа. Энэ дүнгээс бодоод татвараа төлнө гэсэн үг.

- За баярлалаа. Эхний хэсгийн мэдээлэл ингээд дуусаж байна. Дараагийн хэсэг дээр мэдээллээ үргэлжлүүлье. Танд баярлалаа.

- Баярлалаа.