Уншиж байна ...

Б.Болормаа: Зам тээврийн осол Баасан гарагт хамгийн их бүртгэгдсэн байна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогч болох эрсдэлийг бууруулах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сурталчлах, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилготой “Шар дарцаг” аяны талаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

НЗДТГ-ын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын ахлах мэргэжилтэн А.Ууганбаяр “Шар дарцаг” аяныг арваннэгдүгээр сарын 7-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 7-ны өдрийг дуустал нэг сарын хугацаатай зарлаж байна. Анх гэрлэн дохиогүй явган хүний гарцан дээр шар дарцаг байрлуулж, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор аяныг санаачилж байсан. Гэвч шар дарцгуудыг авч явах, алга болох тохиолдол их байсан тул энэ жилээс сургууль орчмын бүсэд School police хийж буй эцэг, эхчүүд барьж ашиглаж байна.

ААН-үүд байгууллагынхаа логог дарцаг дээр хэвлэн, ойр орчмын гэрлэн дохиогүй гарцан дээр ашиглах боломжтой. School police хийж буй эцэг, эхчүүд авто замын гол хүртэл явган зорчигчтой хамт явж, хөдөлгөөн бүрэн зогсох хүртэл шар дарцгийг өргөнө” гэлээ.

Нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Болормаа “Нийслэлийн хэмжээнд 971 боловсролын байгууллагад 536 мянган хүүхэд, багачууд суралцаж байна. Энэхүү аяныг зохион байгуулснаар хүүхдүүдийг болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан хамгаалах боломж бүрддэг. Нийслэлийн боловсролын газар энэхүү төрлийн аянуудыг дэмжиж, хамтран зохион байгуулдаг.

“Шар дарцаг” аяны хүрээнд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 2,000 гаруй эцэг, эх сургуулийн орчинд ажилласан.

Судалгаагаар хүүхэд өртсөн зам тээврийн осолд 7 хүртэлх насны хүүхэд 19.7 хувь, 8-14 насны хүүхэд 28.5 хувь, 14-17 насны хүүхэд 14 хувийг эзэлж байна. Зам тээврийн осол Баасан гарагт хамгийн их буюу 82 удаа бүртгэгдсэн байна.

Явган зорчигчийн хайхрамжгүй үйлдэл, эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул, жолооч нарын сахилга бат сул зэргээс зам тээврийн осол гардаг. Иймд хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, зөв дадал хэвшил төлөвшүүлэхэд эцэг эх, асран хамгаалагч, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо, хариуцлага, хамтын ажиллагаа чухал юм.

Эцэг эх, асран хамгаалагч, жолооч болон аж ахуйн нэгж байгууллага, иргэд энэхүү аянд идэвхтэй оролцож, үлгэр дуурайлал үзүүлэхийг уриалж байна” гэсэн юм.

Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Шар дарцаг” аянд идэвх, санаачилга гарган оролцсон иргэн, ААН байгууллагыг нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл болон НЗДТГ-аас урамшуулах аж.