Хүүхэд өртсөн зам тээврийн ослын нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээллээ.
Энэ тухай Тээврийн Цагдаагийн Албаны/ТЦА/ Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир "Улсын хэмжээнд энэ оны эхний арван сарын байдлаар хүүхэд өртсөн 875 осол бүртгэгдсэнээс 917 хүүхэд хөнгөн, хүнд хэлбэрээр гэмтэж бэртсэн.
Нийслэл хотод хүүхэд өртсөн 561 осол гарсны улмаас 600 хүүхэд гэмтсэн. Улсын хэмжээнд гарсан нийт ослын 60-70 хувь нь нийслэл хотод бүртгэгдэж байна.
Явган зорчигчийг гарц, гарамтай хэсгээр зам гарч байхад жолооч ирж мөргөж гэмтээх эрсдэл гараад байдаг. Иймд цацруулагчтай шар дарцгийг сургууль, цэцэрлэг, хороолол, хотхон орчимд болон албан байгууллага, ААН-үүд ашиглах боломжтой. Шар дарцгийн цацруулагч нь тухайн жолоочид 200-250 метрийн зайнаас гэрлийн гялбаанд ойж харагддаг юм.
Гурвалсан гэрээгээр сургуулийн хичээл тарах үед ханцуйвчийг цүнхэнд байршуулах ажлыг цагдаагийн байгууллагаас зохион байгуулдаг бол эцэг эх, асран хамгаалагч нар School police хийж байх үедээ шар дарцгийг ашиглаж, бусад хөдөлгөөнд оролцогч нарт харагдах нь явган зорчигчийн аюулгүй байдлыг хангахад дөхөмтэй.
Жолооч нар явган хүний гарц, уулзварт дөхөхдөө хурдаа сааруулах үүрэгтэй. Сургууль, цэцэрлэг, хороолол, хотхон дотор 20км/цагийн хурдтай явахыг зөвлөж байна" гэв.
Нийслэл хотод хүүхэд өртсөн ослын 45% нь 8-17 насныхан аж.
Замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэл хотод “Шар дарцаг” аяныг өнөөдөр эхлүүлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!