Нийтийн тээврийн автобусаар зорчих төлбөр энэ оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн 1,000 төгрөг болж нэмэгдсэн. Ингэхдээ төлбөрийн системийг илүү хялбар болгосон гэж танилцууллаа.
Энэ тухай Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал "Нийтийн тээврээр зорчихын тулд өмнө нь тусгайлан карт авч зорчихоос гадна арилжааны гурван банкны тусгайлсан карт уншихаас өөр карт уншдаггүй байсан. Шинэ төлбөрийн систем нэвтэрснээр бүх банкны карт уншдаг болсон. Мөн гадаадын иргэн ч виза картаар төлбөр тооцоо хийх боломжтой болсон.
Гар утсаараа тухайн автобус хаана явж байгаа болон зорчилтын дүүргэлт ямар байгаа мэдээллийг хардаг болсон. Иргэдийн шүүмжилдэг байсан нэг зүйл бол автобусны чиглэлийн мэдээллүүд ойлгомжгүй, дутуу нэрс бичдэг байсныг шугаман хугарлын зураглал хийх системийг тендерийн хуулиар зарлаад компани шалгарсан. Нийтийн тээврийн 400 гаруй зогсоолыг үе шаттайгаар метроны зураглалын хэлбэрээр зогсоолын шинэчлэл хийгээд явж байна.
Түүнчлэн Багануур, Багахангай, Чингис хаан ОУНБ руу явж байгаа 45 хүний суудалтай автобуснууд суудлаа урьдчилж захиалдаг шинэ системийг нэвтрүүллээ. Ингэснээр гадаадаас Улаанбаатар хот руу, Багануураас Улаанбаатар хот руу, хотоос тийшээ зорчих гэж байгаа иргэн бол заавал очоод төлбөрөө хийх биш, UBCARD аппликэйшнээр ороод 45 хүний суудалтай автобусны хаана нь суувал ая тухтай байх суудлаа захиалж, төлбөрөө төлөх боломжтой болсон" хэмээв.
Нийслэл хотод өдөрт нийтийн тээврийн 1,178 автобус иргэдэд үйлчилдэг байна. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийтийн тээврийн автобусаар 3,663,951 удаагийн зорчилт хийгджээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!