Нийслэл хотын зам, талбайн цэвэрлэгээтэй холбоотой өвлийн бэлтгэл ажил 100 хувь хангагдсан гэж мэдээлэв.
Энэ тухай УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн "Энэ долоо хоногийн Пүрэв, Баасан, Бямба гарагт нийслэл хотод бага хэмжээний цас орох тухай мэдээллийг Цаг уурын байгууллагаас ирүүлээд байна.
Одоогийн байдлаар зам талбайн үйлчлэгч, цас цэвэрлэгээний өвлийн бэлтгэл бүрэн хангагдсан.
Өмнөх аравдугаар сарын 15-16-нд орсон цаснаар 680 тонн давс, 230 тонн бодис, 30 тонн хайрга дайргыг зарцуулсан бол 7,100 тонн давс, 7,500 тонн бодис, 1,300 метр.куб хайрга, дайргын нөөц үлдсэн.
Энэ жил парк шинэчлэлт хийснээр зам талбай дээр ажиллаж байгаа ажилчдын гарыг амраах, хөдөлмөрийг хөнгөвчилж байгаа юм. Парк шинэчлэлээр олгосон тоног төхөөрөмжийн эргэн төлөлтөөр төвлөрсөн мөнгөөр гар шүүр, цас, навч үлээгч худалдаж авахаар бэлтгэл хангаж байна.
Зам талбайн шүүртэй машин, цас хусагч машин, вакум үлээгч, угаагч, хайс, хашлага угаагч бичил тоног төхөөрөмж зэрэг 250 орчим тоног төхөөрөмжийг 2025 онд худалдаж авсан.
Ирэх жил эдгээр тоног төхөөрөмжийн цас мөс бутлагч, цас хусагч, шүүр зэрэг нэмэлт тоноглолууд, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээнээс гадна ТҮК-үүдэд кран, ковш, экскаватор зэрэг шаардлагатай техникүүдийг эрэмбэлж, худалдаж авч өгнө" гэлээ.
Тэрбээр гудамж, зам талбайд үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага, ААН-үүд орчны 50 метрийн цэвэрлэгээг хийж, үүдэндээ халтирахаас хамгаалсан наалт наахыг уриалав.
Өнгөрсөн онд халтирч унаснаас нэг өдөрт 103 хүн бэртсэн тохиолдол ГССҮТ-д бүртгэгджээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!