УИХ дахь МАН-ын өчигдөр хуралдаж, бүлгийн даргаар Ж.Батжаргалыг сонгож, УИХ-ын дэд даргаар Ж.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр тогтсоноо мэдэгдсэн.
Үүнтэй холбоотойгоор АН-ын гишүүн О.Баасанхүү байр сууриа илэрхийллээ. Тэрбээр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг чөлөөлж, түүний оронд Ж.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлж байгаа нь хууль зөрчиж байна гэсэн юм .
АН-ын гишүүн О.Баасанхүү “УИХ-ын дэд даргаар Ж.Бат-Эрдэнийг томилбол харамсалтай үйл явдал болно. Яагаад гэвэл Улс төрийн намын тухай хуульд “Улс төрийн нам нь Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авахыг оролдох үйл ажиллагаа явуулбал тухайн намын үйл ажиллагааг Улсын дээд шүүх нэн даруй зогсооно” гэж заасан байдаг.
Гэтэл Үндсэн хууль зөрчсөн хүнийхээ оронд Ж.Бат-Эрдэнийг оруулж ирж байгаа нь тухайн нам төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авах гэсэн оролдлогоо албажуулж байна гэж харж байна.
Х.Булгантуяа гэдэг хүн улс төрийн хариуцлага хүлээгээд албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгөх ёстой байсан. Эсвэл Төрийн байгуулалтын байнгын хороо асуудлыг авч үзээд Х.Булгантуяаг чөлөөлж болно.
Гэтэл улс төрийн нам мафийг эвлэрүүлэн зуучилна гэдэг шиг ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсэг гэдэг нэртэй өвөө нарынхаа үгэнд орж бусармаг үйлдэл хийж байна. Энэ нь Монгол төр 1990 оноос өмнөх рүүгээ очиж байна гэдэг айдас төрүүлж байна. 1990 оноос өмнө нам нь төрийн дээр байсан. Намын шийдвэр хуулийн дээр байлаа.
Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд дарга болгоно гэдэг санал гаргаж байгаа нь Х.Булгантуяа огцорсон гэсэн үг биш. Эхлээд тэр хүнээс өргөдлийг нь авч эсвэл огцруулах ёстой" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!