Уншиж байна ...

Л.Энхсайхан: Дөнгөж 30 гарсан хүн ч харваж байна

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тархины харвалтаас сэргийлэх дэлхийн өдрийг тохиолдуулан нэг, хоёр, гуравдугаар эмнэлгийн харвалтын нийгэмлэгээс хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдээлэл өгөв. 

Энэ үеэр харвалтаас урьдчилан сэргийлэх чиглэлд эмч нарын өгсөн зөвлөгөөг хүргэе. 



Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн мэдрэлийн тасгийн эмч Д.Уянга: Өвчлөлд засаж болох, засаж болохгүй шалтгаанууд гэж бий.

Засаж болохгүй шалтгаанд:

Хувь хүний нас, удамшил, хүйс, урьд өмнө өвчилж байсан харвалт багтаж байгаа.

Засаж болох шалтгаанд:

Архи, тамхины хэрэглээ, хөдөлгөөний дутагдал, таргалалт, артерийн даралт ихсэлт, чихрийн шижин өвчин, зүрх судасны өвчлөл орж байна.

Дээр дурдсан засаж болох шалтгаанууддаа анхаарвал харвалтад өртөх эрсдэлээ бууруулах боломжтой.

Улсын Гуравдугаар төв эмнэлгийн харвалтын тасгийн зөвлөх эмч Ж.Ариунаа: Харвалт дараах шинж тэмдгээр илэрнэ. 

  1. Нүүрний өрөөсөн тал муруйх, шүлс гоожих, хамар уруулын нугалаа унжих буюу тэгш хэм алдах асуудал.
  2. Гарын хөдөлгөөн алдагдах, сулрах шинж тэмдэгтэй. Ингэснээр барьж байсан зүйлээ алдаж, гараа өргөж чадахгүй болно. 
  3. Хэл ярианы өөрчлөлт. Ярьж чадахгүй болж хэл яриа нь орооцолдсон, тултираа хэл яриатай болдог. 

Эдгээр гурван шинж илэрвэл харвалт байх магадлалтай. Энэ тохиолдолд эмнэлэгт хурдан шуурхай хандаж чадвал хүний амь насыг аврах боломж байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн эмнэлзүйн төвийн дарга Л.Энхсайхан: Өөрийнхөө биед хайртай байгаач ээ. “Миний даралт 170, 180-тай байж л байдаг” гээд тоохгүй явж байгаад харвасан хүмүүс байна шүү дээ. Дөнгөж 30 гарсан хүн ч харваж байна.

Харвалт бол хөгшин хүний өвчин биш. Залуу хүн өвддөггүй, хөгшчүүл л өвддөг гэдэг нь маш бүдүүлэг ойлголт.