Чуулганы нэгдсэн хуралдааны ирц 2025 оны аравдугаар сарын 16-ны Пүрэв гарагийн 23:24 цагийн байдлаар 48.4 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, 126 гишүүнээс 61 нь ирцээ бүртгүүлжээ.
Хамгийн сүүлд Ж.Баясгалан гишүүн ирцээ бүртгүүлсэн юм. Тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНЭУ-д хийсэн төрийн айлчлалын багт багтаж, албан томилолтоор явсан бөгөөд эх орондоо ирсэн даруйдаа чуулганы хуралдаандаа оролцохоор ирсэн нь энэ байв.
Ерөнхий сайд болон УИХ-ын даргыг огцруулах эсэхийг шийдэх энэхүү хуралдаанд Засгийн газрын гишүүд оролцохоос татгалзаж, өнөө өглөө хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны саналын томьёоллыг өөрчлөхийг шаардаж байгаа юм.
Харин АН-ын бүлэг Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарыг огцруулах асуудлыг дараалуулан хэлэлцэхийг шаардсан. Тэдний шаардлагын дагуу уг асуудлыг хэлэлцэх болсон ч тус бүлгийн олонх гишүүн тодорхой бус шалтгаанаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!