Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-аас төрийн албан хаагчид авлигын гэмт хэргээс сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх талаар сургалтыг тогтмол зохион байгуулдаг.
Мөн Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүдэд энэ талаар сургалт зохион байгуулахаар холбогдох албанд нь хандсан ч биелээгүй байгааг АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш хэллээ.
Тэрбээр өнөөдөр Нээлттэй нийгэм форумд болсон "Монгол Улсын Засгийн газар болон Улаанбаатар хотын мега төслүүдийн тойм зураглал"-ыг танилцуулах уулзалтын үеэр энэ талаар дурдсан бөгөөд арга хэмжээ дууссаны дараа түүнээс дэлгэрүүлэн тодруулав.
АТГ-ын Ахлах комиссар Б.Тэрбиш "УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Энд иргэдийн дундаас сонгогдсон гишүүд, мэдлэг боловсролтой судлаачид, бизнес эрхлэгчид ч бий. Бидний амьдрах эрх зүйн орчныг тодорхойлдог, улсын төсвийг хэлэлцдэг энэ чухал албыг хашиж буй эдгээр гишүүн авлигын эсрэг хууль тогтоомжоо маш сайн мэддэг байх ёстой. АТГ сүүлийн жилүүдэд УИХ-ын гишүүдийг сургалтад хамруулах хүсэлтээ холбогдох албанд нь тавьсан. Гэхдээ энэ маань биелээгүй байгаа. Нэг бол цахимаар зохион байгуул, эсвэл зөвлөхөө юм уу туслахаа суулгая гээд байдаг.
Гишүүд өөрсдөө цаг гаргаад сургалтад суух хэрэгтэй. Тийм их уддаггүй. Авлигын гэмт хэрэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу сургалтад хамрагдах нь зөв.
Харин орон нутаг болон нийслэлийн иргэдийн хурлаас манлайлал гаргаад сургалт авсан. Өнгөрсөн жил Авлигын эсрэг өдрийг тохиолдуулан шинээр сонгогдсон НИТХ-ын 45 төлөөлөгч, есөн дүүргийн төлөөлөгчид, 21 аймгийн 330 сумаас сонгогдсон төлөөлөгч нарт сургалт орсон.
Сургалтаар төлөөлөгчдийн гаргадаг алдаанууд буюу төсөв хэлэлцэхэд ирц дутуу байдаг гэдгийг, төсвийн төсөлтэй нэгбүрчлэн танилцахгүй байгааг, төлөөлөгч нар өөрсдөө төсвийг нь баталдаг байгууллагынхаа Гүйцэтгэх захирал, Төлөөлөн Удирдах Зөвлөл(ТУЗ)-д нь ордог зэргийг нь сануулж, ийм төрлийн ашиг сонирхлоос татгалзах ёстойг нь хэлсэн. Нэлээд үр дүнтэй болсон. Үүний дараа дүүргүүдийн төлөөлөгч нар манайхтай холбогдож шийдвэр гаргахаасаа өмнө зөвлөмж зөвлөгөө авдаг болсон.
Бидний хувьд сэтгэл хангалуун бус байгаа зүйл бол УИХ-ын гишүүдийг мэдээллээр хангамаар байна. Төрийн албан хаагч нар жил бүр тогтмол сургалтад хамрагддаг" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!