Олон улсын шалгалтын оноог ЭШ-ын үнэлгээтэй дүйцүүлэх хүсэлтийг цахимаар авч эхэллээ
Олон улсад хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын оноог Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлтийг өнөөдрөөс авч эхэллээ.
Тодруулбал
- Кембрижийн AS, A,
- IB- International Baccalaureate
- TOEFL/IBT/
- PTE
- IELTS
- SAT зэрэг шалгалтын оноогоо ЭШ-ын үнэлгээтэй дүйцүүлэх боломжтой. Цахим хүсэлтийг арваннэгдүгээр сарын 14-ний 18:00 цаг хүртэл хүлээн авна гэж Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-өөс мэдээлээ.
ОЮУТАН, СУРАЛЦАГЧ-ЦАХИМ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ АЛХАМ
Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол улсын ЭШ-ын үнэлгээнд дүйцүүлэх хүсэлт, холбогдох бичиг баримтыг тухайн жилийн ЭШ эхлэхээс хамгийн багадаа ажлын 15 хоногийн өмнө Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn сайтад орж “Элсэлтийн шалгалт” гэсэн цэсийг дарж “ОЛОН УЛСЫН ҮНЭЛГЭЭ ДҮЙЦҮҮЛЭХ” гэсэн сонголтыг хийж, ЭШ-д бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан системд нэвтэрч холбогдох мэдээлэл болон материалаа зааврын дагуу оруулан хүсэлтээ цахимаар ирүүлнэ.
Хүсэлт ирүүлэхэд оюутан, суралцагчийн бүрдүүлэх материал. Үүнд:
- Үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт
- Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар
- Үнэлгээнд дүйцүүлэх хөтөлбөрийн сертификат буюу дүнгийн хуудасны хуулбар
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дүйцүүлсэн баримт /өмнөх оны төгсөгчийн хувьд/
Боловсролын үнэлгээний төв нь хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан шийдвэрлэнэ. Оюутан, суралцагч нь хүсэлтийн хариуг дараах хоёр замаар харна.
Үүнд:
- www.eec.mn сайтын “Элсэлтийн шалгалт” гэсэн цэсний “Олон улсын үнэлгээ дүйцүүлэх” гэсэн хэсэгт элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч харах /дэлгэрэнгүй хариу харах боломжтой/
- https://eyesh.eec.mn/ цахим хаягаар “Дүйцүүлэх хүсэлтийн хариу” гэсэн цэсийг сонгож регистрийн дугаараараа нэвтэрч харна.
Холбоо барих утас: 70119498 - 5
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
