Төрийн өмчит компаниудыг удирдлага, менежментээр хангах үүрэг бүхий "Эрчист Монгол" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг байгуулах Засгийн газрын тогтоол энэ оны нэгдүгээр сард гарсан.
Тус компанийн захирлаар Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүн асан Г.Амартүвшин гуравдугаар сард томилогдон багаа бүрдүүлснээр үйл ажиллагаа нь дөрөвдүгээр сараас эхэлжээ. Тэрбээр өчигдөр Эдийн засгийн клубийн сэтгүүлчидтэй уулзаж, хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцууллаа.
Одоогоор эрчим хүчний салбарын 27 компани, зам тээвэр, мэдээлэл холбооны сүлжээний үйл ажиллагаа явуулдаг бие даасан зургаан байгууллага буюу нийт 33 компани "Эрчист Монгол"-д харьяалагдаж байна. Эдгээр компанид "Эрчист Монгол"-ынхон гадаадаас хөрөнгө оруулалт татах, гэрээ хэлцэл хийхэд нь дэмжлэг үзүүлэх, алдагдлыг бууруулах тооцооллыг хийх зэрэг зөвлөн туслах үйлчилгээг компани тус бүрд үзүүлж, менежментийн төлбөрийг 0.2 хувиар авдаг байна.
"Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Амартүвшин "Төрийн өмчит компаниудын өөрийн хөрөнгийн өгөөж нь 1.8 хувь байна. Бид Засгийн газрын хуралдаанаар 100 хоногийн төлөвлөгөөгөө батлуулахдаа 5-6 компанийг онцлон ямар ажил хэрэгжүүлэхээ тодорхойлсон. Давхардсан чиг үүрэг, үр ашиггүй хөрөнгө оруулалт, захиргааны зардлуудыг танаж байгаа.
ТӨХК-ууд дундаас МИАТ хамгийн сайн ажиллаж байгаа. Сүүлийн 3-4 жил ашигтай ажилласан бөгөөд хамгийн түрүүнд нээлттэй хувьцаат компани болох боломжтой. МИАТ ТӨХК-д эхний ээлжид стратегийн хөрөнгө оруулагч оруулж ирэн 2-3 жилийн хугацаанд нийт хувьцааных нь 50 хүртэл хувийг олон нийтэд нээлттэй болгохоор төлөвлөсөн. МИАТ нь төрийн өмчлөлд байгаа ч маш өрсөлдөөнтэй зах зээлд ажилладаг.
Энэ мэт асуудлыг шийдэхэд хөрөнгө оруулалт шаардлагатай. Үе үеийн Засгийн газар аялал жуулчлалаа хөгжүүлье гэдэг. Хөгжүүлэх зам нь МИАТ ТӨХК-ийг дэмжих юм" гэлээ.
Түүнчлэн эрчим хүчний компаниудын засаглалыг сайжруулахын тулд хийж буй ажил, хэрэгжүүлэх шийдлийнхээ талаар "27 компанийн ТУЗ-ийг 14 болгон цөөлж, захиргааны зардлыг бууруулж байна. ТУЗ аль болохоор мэргэжлийн байх ёстой. Гүйцэтгэх захирал, удирдлагуудад тавьдаг шаардлагыг чанаржуулна. Өөрийн хөрөнгийн болоод хөрөнгө оруулалтын өгөөж, ашгийн хувь гэхчлэн тоон үзүүлэлтийг сайжруулахыг шаардана.
Эрчим хүчний реформ хийхийн тулд тарифын зохицуулалтаас гарах хэрэгтэй байгаа.
Богино, дунд хугацаанд эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт татахын тулд
Иймээс ч 2026 оноос томоохон компаниудыг олон улсын стандартын дагуу тайлангаа гаргуулна" гэлээ.
Мөн шинээр эрчим хүчний эх үүсвэрүүд барихдаа дамжуулах системийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд анхаарах ёстойг тэрбээр хөндөж байв.
Энэ тухайд "Эх үүсвэрүүдээ нэмснээр асуудал шийдэгдэхээргүй болоод байна. Манай улсад 110-ын шонгоор цахилгааныг дамжуулж байгаа бол одоо байгаа стандартаар 380, 500-ын шугамаар цахилгаан дамжуулах ёстой. Олон улсын байгууллагаас дамжуулах шугамын талаар нарийвчилсан судалгаанууд хийж өгсөн.
Цаашид "Эрчист Монгол" ТӨХХК-ийн харьяанд байгааг компаниудыг цөөлж, хувьчлах, олон нийтэд нээлттэй болгох гэх зэргээр компанийн зарчмаараа явж, төр 50-аас доош хувийг эзэмшиж байх нь зүйтэй гэж үзэж буйгаа тэрбээр хэлж байлаа. Үргэлжлүүлэн "Шинэ хөрөнгө оруулагчид нь орж ирээд, ТУЗ-өө байгуулаад явах нь зөв. Шинэ компаниудыг дороо нэгтгээд данхайх хэрэггүй. Байгаа компаниудынхаа засаглалыг сайжруулаад ашигтай болгож, IPO хийхэд нь л анхаарах ёстой. Зарим компанийг татан буулгах хэрэгтэй" гэсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!