НҮБ-ын ерөнхий ассамблейн нэгдсэн чуулганд оролцохоор Нью-Йорк хотод хүрэлцэн ирсэн Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзиёев агаарын тээврийн томоохон гэрээ байгуулах ёслолын арга хэмжээний гэрч болжээ.
Тус улсын Uzbekistan Airways компани АНУ-ын Boeing компаниас $8 тэрбумаар 22 ширхэг 787 Dreamliner загварын нисэх онгоц худалдаж авах гэрээг байгуулсан байна.
Ерөнхийлөгч Дональд Трамп түүнтэй уулзсаныхаа дараа “Ерөнхийлөгч Мирзиёев хэлсэндээ хүрдэг хүн тул бид цаашдаа олон зүйл дээр хамтран ажиллах болно” гэж сошиал хуудсандаа бичээд байгуулсан гэрээ нь АНУ-д “35,000 ажлын байр бий болгох ач холбогдолтой” хэмээн магтжээ.
Энэ үйл явдал Америк-Узбекистаны харилцаа эрчимжиж буйг харуулж байна.
Даваа гарагт мөн НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы үеэр Казахстан улс АНУ-ын Wabtec компаниас $4.2 тэрбумаар 300 ширхэг төмөр замын зүтгүүр худалдаж авах гэрээг байгуулсан билээ.
Ингэснээр Төв Азийн хамгийн том эдийн засагтай улсууд болох Узбекистан, Казахстан хоёр нийтдээ $12.2 тэрбумын дүнтэй гэрээг АНУ-ын компаниудтай байгуулж байна.
Энэ нь бас АНУ-ын ашиг сонирхол Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Төв Азийн улс орнуудад нэмэгдэж байгаагийн илрэл юм.
Казахстан, Узбекистан улсуудыг уран болон газрын ховор элементийн асар их нөөцтэй гэдэг.
АНУ-ын хувьд орчин үеийн технологийн түүхий эд болдог чухал түүхий эдүүдийн нийлүүлэлт дээр Хятад улсаас хамаарлаа багасгахыг хичээж байгаа юм.
Эх сурвалж: Euro News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!