Казахстан улс АНУ-аас $4.2 тэрбумын үнийн дүнтэй галт тэрэгний зүтгүүр, тоног төхөөрөмж худалдаж авах гэрээ байгуулжээ.
Тухайлбал тус улс Пенсильвани мужийн Wabtech Corp компаниас 300 ширхэг зүтгүүр худалдаж авахаар болсныг АНУ-ын худалдааны яам өчигдөр зарласан байна.
Энэ нь төмөр замын түүхэнд хамгийн том гэрээ болсныг тус яам онцолжээ.
Нью-Йорк хотноо болсон гэрээнд гарын үсэг зурах ёслолд АНУ-ын худалдааны сайд Ховард Лютник, Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нар оролцсон байна.
“Энэхүү чухал гэрээ нь АНУ-ын аж үйлдвэрийн салбарт ажлын байрыг нэмэгдүүлж, Америк болон Төв Азийн өсөлт, боломж, хэлхээ холбоог хурдасгаж байна” гэж Лютник энэ үеэр хэлжээ.
НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганд оролцохоор АНУ-д хүрэлцэн ирсэн Токаевтай өчигдөр өглөө ерөнхийлөгч Дональд Трамп утсаар ярьсан юм байна.
Газрын ховор элемент зэрэг стратегийн ач холбогдолтой түүхий эдийн нийлүүлэлт дээр Хятад улсаас хараат байдлаа зогсоох зорилгын хүрээнд Трамп эрдэс баялгийн арвин нөөцтэй Төв Азийн орнуудтай худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаагаа өргөжүүлэхийг хичээж байгаа.
Токаев энэ удаагийн айлчлалынхаа үеэр АНУ-ын хэд хэдэн том компанийн гүйцэтгэх захирлуудтай уулзах юм байна.
Уулзалтуудыг АНУ-ын Худалдааны Танхим зохион байгуулах ажээ.
Энэ сарын эхээр тус байгууллага АНУ-ын 25 компанийн төлөөллийг Казахстанд илгээж байсан юм.
Ирэх сард тэд бас Төв Азийн бүс нутгийн хамгийн олон хүн амтай улс Узбекистанд бизнес айлчлал зохион байгуулахаар болжээ.
Энэ сарын эхээр Трамп тус улсын ерөнхийлөгч Шавкат Мирзиёевтай утсаар ярьж, хөрөнгө оруулалтын боломжуудыг хэлэлцсэн юм.
Наймдугаар сарын сүүлээр Трамп өөрийн гадаад худалдаа хариуцсан тусгай элч Пауло Замполлийг тус улсад илгээж, ерөнхийлөгч Мирзиёевтай уулзуулж байв.
Казахстан, Узбекистан улсууд нь атомын цахилгаан станцын түлш болдог уран болон тогтмол соронз үйлдвэрлэх түүхий эд болдог газрын ховор элементийн арвин нөөцтэй.
Одоогоор Хятад улс газрын ховор элементийн олборлолт, боловсруулалт, соронз үйлдвэрлэлээр дэлхийд ноёрхож, АНУ-тай хийх худалдааны яриа хэлэлцээндээ хөшүүрэг болгон ашигладаг.
Хятад улс бас сүүлийн нэг жилийн хугацаанд Төв Азийн уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтаа эрчимжүүлсэн юм.
Тиймээс энэ бүс нутгийн орнууд Хятадын нөлөөг тэнцвэржүүлэхийн тулд АНУ-ын хөрөнгө оруулалтыг татах сонирхолтой байгаа.
Трампын засаг захиргаа Төв Азийн орнуудын хөрөнгө оруулалтад АНУ-ын гадаад худалдааны санхүүжүүлэгч Экспорт-Импортын Банк болон Хөгжил, Санхүүгийн Корпорац зэрэг байгууллагуудыг түлхүү ашиглах төлөвтэй байна.
Тухайлбал өчигдөр байгуулсан гэрээнд Экспорт-Импортын Банк $400 саяын зээл олгожээ.
Эх сурвалж: Radio Free Europe
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!