Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Алтны сүүдэрт гундаж мэдэх Гутайн даваа

Редакцын бус нийтлэл
2025 оны 9 сарын 25
Редакцын бус нийтлэл
Зураг зураг

Нэг удаагийн ашиг уу, олон үеийн ирээдүй юу? Энэ бол өнөөдөр Монгол Улсын төр, засаг болон нийгмийн өмнө тулгарч буй гүн гүнзгий бодлогын сорилт юм. Монголчууд байгаль эхээ "амьдралын эх булаг" хэмээн хүндэтгэж ирсэн ард түмэн. Харин өнөөдөр байгаль эхийн зүрхэн хэсэгт тооцогдох дархан цаазтай газар нутгийг уул уурхайд зориулан ашиглах шийдвэрүүд гарч болзошгүй байна. Энэ нь байгаль орчин төдийгүй үндэсний аюулгүй байдал, хойч үеийн амьдрах эрхтэй холбоотой ноцтой ухралт болох вий гэсэн түгшүүр нийгэмд бий болоод байна.

Алтны нөөц нэрийн дор сүйдэх ирээдүй

Монгол Улсад 80.1 тонн алтны нөөц бүхий таван том орд улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч байна. Эдгээр бүс байгалийн унаган төрхийг хадгалсан, усны стратегийн эх үүсвэр, биологийн олон янз байдлын амин судал болсон газар нутаг юм.

Цэнгэг усны стратегийн голомт: Гутайн даваа

2020 онд УИХ-ын 46 дугаар тогтоолоор Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумдын нутгийг хамарсан 102,640 га газрыг улсын тусгай хамгаалалтад авсан. Энэхүү газар нь дэлхийд ховорхон тооцогдох цэвэр усны эх үүсвэрийн нэг бөгөөд 27 голын ай сав юм. Үүнээс урсан гарах Онон гол ОХУ болон БНХАУ-ын нутаг дэвсгэрийг дамжин урсдаг Амар мөрний эх билээ.

Тиймээс эдгээр сав газраас Монгол, ОХУ, Хятадын нийт 75 сая хүн цэнгэг усаар хангагддаг гэдгийг анзаарч бодлогын түвшинд анхаарах шаардлагатай юм. Уул уурхайн үйл ажиллагаа эхэлбэл бүс нутгийн хэмжээнд усны аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болзошгүй.

Уур амьсгалын индикатор Мөнх цэвдэг

Гутайн бүс нь Монгол орны цэвдгийн тархцын чухал бүсэд тооцогддог. Сүүлийн 40 жилд цэвдэгтэй талбай таван хувиар багассан. Энэ нь дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн шууд үр дагавар юм. Мөнх цэвдэг бүхий экосистемд уул уурхайн хүнд машин механизм, газар ухалт хийх нь цэвдэг хайлах, хөрсний доройтол, экосистемийн тогтолцоог бүрэн эвдэх эрсдэлтэй.

зураг
 

Ойн сангийн хосгүй үүрэг

Хамгаалалттай бүсийн 93.5 хувь буюу 96,000 гаруй га талбай нь ой модоор бүрхэгдсэн. Судалгаагаар энэ ой жил бүр:

  • 5.1 сая тонн хүчилтөрөгч ялгаруулдаг,
  • 665,000 хүний жилийн хүчилтөрөгчийн хэрэгцээг хангадаг аж. Энэ бол үндэсний уур амьсгалын тэнцвэрт байдлын хамгаалалт юм.

Түүнчлэн энэхүү бүс нь 22 зүйл хөхтөн, 260 зүйл ургамал, 28 зүйл загас, 362 зүйл шавж бүртгэгдсэн, ховор, нэн ховор зүйлсийн өлгий нутаг билээ. Жишээлбэл, дэлхийн хэмжээнд ховордсон Амарын хилим (Acipencer schrencki) загас Онон голд амьдардаг. Мөн тул загас, шивэр хандгай, халиун буга, улаан живэрт зэрэг зүйлийн амьдрах орчин энд бий.  Байгальд нэг төрөл зүйл устах бүрд экосистем дотоодын зохицлоо алдаж эхэлдэг бөгөөд үүний уршиг нь хэдхэн арван жилийн дараа бидний амьдралд шууд тусах нь гарцаагүй. .

Соёл, тогтвортой хөгжлийн хослол

Онон–Балжийн сав газар нь байгалийн баялаг, биологийн олон янз байдлаас гадна түүх, соёлын өв ихтэй газар. Сүүлийн жилүүдэд нутгийн иргэд спорт загасчлал, эко аялал, нутгийн хөтөч аялал жуулчлал хөгжүүлж, тогтвортой орлогын эх үүсвэр бий болгож байна. Энэ нь уул уурхайн түр зуурын орлогоос илүү урт хугацааны өгөөжтэй, тогтвортой эдийн засгийн шийдэл билээ.

Түр зуурын ашиг үүрдийн хохирол

Хамгаалалттай газар нутгийг уул уурхайд ашиглах нь дараах эрсдэлүүдийг шууд бий болгоно:

  • Цэнгэг усны нөөцийн доройтол
  • Цэвдгийн хайлалт, уур амьсгалын өөрчлөлтийн эрчимжилт
  • Ойн алдагдал, хүчилтөрөгчийн үйлдвэрлэлийн бууралт
  • Ховор зүйлүүд устах
  • Орон нутгийн аялал жуулчлал, тогтвортой амьжиргааны сүйдэл

Мөнгөөр нөхөж үл болох зүйлсийг эрсдэлд оруулах нь ухаалаг сонголт биш, харин ирээдүйн аюулыг мөнгөөр худалдаж авахтай утга нэг юм.

Ард түмний санаачилга төрийн бодлогын үндэс

Газар нутгаа хамгаалах санаачилга 2013 оноос хойш иргэдийн зүгээс гарч эхэлсэн. Дээр хэлсэнчлэн 2017 онд Хэнтий аймгийн ИТХ-аар батлагдсан хүсэлт үндэслэл болж, эцэст нь 2020 онд УИХ-ын 46-р тогтоолоор Гутайг тусгай хамгаалалтад авсан. Энэ бол иргэдийн ухамсар, оролцоонд үндэслэсэн бодлого тодорхойлолтын сайн жишээ юм. Харин одоо үүнийг үгүйсгэх нь ардчилсан оролцооны эсрэг алхам болох вий.

Монголчуудын ирээдүй, үндэсний аюулгүй байдал, байгалийн дархан төрх түр зуурын ашгаас үнэтэй. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг уул уурхайд шилжүүлж болзошгүй шийдвэр бол үндэсний хэмжээнд нөхөж баршгүй экологийн гарз, нийгмийн эрх тэгш байдлын алдагдал, ирээдүй хойч үедээ үлдээх боловсрол, амьдрах орчны сүйдэл юм. Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалж үлдэх нь олон үеийн ирээдүйг хамгаалах ухаалаг сонголт билээ. 

 

Сэтгүүлч: Б.Намуун (Posted.mn)