НҮБ-ын ерөнхий ассамблейн нэгдсэн чуулганд оролцох үеэрээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дөрөв дэх жилдээ Украинд эзлэн түрэмгийлэх дайн явуулж буй Орос улсыг эдийн засаг нь сүйрч байгаа “цаасан бар” гэж тодорхойлсон юм.
Бас Украин улсыг алдсан бүх газар нутгаа буцааж авч чадна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдсэн билээ.
Тэгвэл Кремлийн хэвлэлийн төлөөлөгч өчигдөр Трампын ярьсан зүйлд хариу байр суурь илэрхийлжээ.
“Бид өөрийн ашиг сонирхлыг хамгаалах, зорилгодоо хүрэхийн тулд цэргийн тусгай ажиллагаагаа үргэлжлүүлэх болно. Бид үүнийг эх орныхоо одоо болон ирээдүйн төлөө хийж байна. Ирээдүй хойч үеийнхэндээ зориулан хийж байна. Тиймээс бидэнд өөр зам байхгүй” гэж РБК радиод өгсөн ярилцлагадаа Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлсэн байна.
Дараа нь тэр “цаасан бар” гэх нэрийн талаар ярихдаа “Орос бол бар биш, баавгайтай илүү холбоотой улс. Цаасан баавгай байдаггүй” гэж тайлбарлажээ.
Гурван жил дараалан хурдацтай өссөн Оросын эдийн засаг зарим нэг хүндрэл бэрхшээлтэй тулгарч эхэлснийг Песков хүлээн зөвшөөрсөн байна.
“Орос улс макро эдийн засгийн тогтвортой байдлаа хадгалж байгаа. Тийм ээ, Оросын эдийн засгийн янз бүрийн салбарт хурцадмал байдал, хүндрэл тулгарч байгаа нь үнэн” гэж тэр хэлжээ.
Украин улс алдсан бүх газар нутгаа буцаан авах тухайд Песков “Украин ямар нэг зүйл буцаан авч чадах тухай санаа бол бидний бодлоор эндүүрэл юм” гэж хэлсэн байна.
Гэхдээ тэр АНУ, ОХУ-ын харилцаа сэргэх замдаа явж байгааг онцолжээ.
Трампыг нэгдүгээр сард Цагаан ордонд ирэхэд хоёр улсын харилцаа “бараг тэг” түвшинд хүрээд байсан бол одоо удаан ч гэсэн өөрчлөгдөж байгааг Песков хэлсэн байна.
“Энэ зам удаан, маш их саад бэрхшээлтэй байна” гэж тэр хэлжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!