Украины дайны талаар байр сууриа эрс өөрчилсөн мэдэгдлийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр буюу Мягмар гарагт хийжээ.
НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы үеэр Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзсаныхаа дараахан тэр сошиал хуудсандаа уг мэдэгдлийг нийтэлсэн юм.
“Украин улс Европын Холбооны тусламжтайгаар үндсэн газар нутгаа бүгдийг нь буцаан авч чадна гэж би бодож байна. Цаг хугацаа, тэвчээр, Европын санхүүгийн дэмжлэг, ялангуяа НАТО-гийн дэмжлэгийн үр дүнд дайн эхлэх үеийн анхны хил хязгаараа сэргээх боломж маш их юм” гэж тэр бичжээ.
Хэрвээ Трампын энэ байр суурь өөрчлөгдөхгүй бол Зеленскийн хувьд АНУ-ын дэмжлэгийг авахад том түлхэц болохоор байна.
Трамп цааш нь “Жинхэнэ хүчирхэг армитай улс долоо хоног хүрэхгүй хугацаанд ялж болох дайнд Орос улс гурван жил хагасын турш зорилгогүй тулалдаж байна. Энэ дайн Оросыг онцгойруулж чадсангүй. Үнэндээ тус улсыг ‘цаасан бар’ мэт харагдуулж байна” гэж бичжээ.
Өмнө нь ээдрээтэй харилцаатай байсан Трамп, Зеленский нар өчигдөр уулзахдаа тун халуун дотно харилцаж байлаа.
“Бид Украины явуулж буй тэмцлийг маш их хүндэлдэг” гэж Трампыг хэлэхэд Зеленский хариуд нь тулааны талбараас “сайн мэдээ”-тэй ирснээ дуулгасан юм.
АНУ-ын ерөнхийлөгчийн дайныг дуусгах хүчин чармайлтад талархал илэрхийлсэн Зеленский “Бид дайныг хэрхэн дуусгах болон аюулгүй байдлын баталгааны талаар ярилцана” гэж хэлжээ.
Хариуд нь Трамп “дайныг дуусгах чиглэлд гарсан хамгийн том дэвшил бол Оросын эдийн засаг яг одоо аймшигтай нөхцөл байдалд байгаа явдал юм” гэж хэлсэн байна.
Мягмар гарагийн өглөө НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ Трамп энэ дайн “манлайлал гэж юу болохыг, муу удирдагч улс орноо юунд хүргэж болохыг харуулж байна” гэж Оросыг шүүмжилсэн юм.
Энэ оны нэгдүгээр сард тангараг өргөснөөсөө хойш Трамп дайныг дуусгахын тулд нэлээд хүчин чармайлт гаргасан ч үр дүнд хүрээгүй байгаа.
Сүүлийн нэг сар гаруй хугацаанд тэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй, дараа нь Украины ерөнхийлөгч болон Европын удирдагчидтай энэ асуудлыг хэлэлцсэн.
Гэвч эдгээр уулзалтуудын дараа Путин дайнаа улам эрчимжүүлж, Украины хотуудыг үргэлжлүүлэн бөмбөгдөж байв.
Одоо АНУ болон Европын Холбоо эдийн засгийн дарамт шахалтаа нэмэгдүүлэх хувилбарыг хэлэлцэж байгаа.
Өчигдөр үг хэлэхдээ Трамп дайныг богино хугацаанд дуусгахад “маш хүчтэй хориг арга хэмжээ нөлөөлж чадна” гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, Европын холбоотнууддаа Оросын газрын тосыг худалдаж авахаа бүрмөсөн зогсоохыг уриалсан байна.
Зеленскийтэй уулзахаасаа өмнө тэр Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйентэй уулзахдаа Оросын эсрэг авах дараагийн хориг арга хэмжээний талаар ярилцсан юм.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!