Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Отгонбаяр: Монгол хүүхдүүд бүгд авьяастай. Ирээдүй болсон хүүхдүүдээ дэмжихэд хэзээд бэлэн байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 9 сарын 18
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

АНУ дахь "Монгол Авьяас" академиас "AAU Volleyball 2026"-гийн бүртгэл албан ёсоор эхэлснийг зарлалаа. 

Энэхүү сонгон шалгаруулалтад оролцсоноор 15, 16, 17 насны авьяастай эрэгтэй, эмэгтэй тамирчдад АНУ-ын мэргэжлийн тамирчин бэлддэг AAU лигийн тэмцээнд өрсөлдөх боломж нээгдэх юм. Шалгарсан тамирчид АНУ-ын Иллинойс мужид нэг сарын хугацаанд мэргэжлийн багш нарын удирдлага дор бэлтгэл хийж, олон улсын тэмцээнд оролцоно.

"Монгол Авьяас" академи нь 2017 оноос эхлэн АНУ-д үйл ажиллагаагаа явуулж, урлаг болон спортын салбарт авьяаслаг залуусыг нээн хөгжүүлж ирсэн байгууллага аж.


Энэ тэмцээний талаар Төрийн соёрхолт, "Хурд" хамтлагийн соло гитарчин, тус тэмцээний ерөнхий продюсер Д.Отгонбаяр "Хамтлагийнхаа 30 жилийн ойгоор АНУ дахь монголчуудад зориулж тоглолтоо хийсэн юм. Энэ үеэс тэнд үйл ажиллагаагаа явуулдаг "Монгол Авьяас" академийн залуустайгаа танилцсан.

Энэ залуусын монгол авьяасыг дэмжих хөтөлбөр нь надад их таалагдсан. Яг л миний хүсэж мөрөөддөг зүйлтэй санаа нэгдэж байсан тул энэ үйл ажиллагаанд нь оролцъё гэж шийдлээ.

Монгол хүүхдүүд бүгд авьяастай. Өмнө нь "Старс" академитай хамтран сагсан бөмбөгийн спортоор 56 хүүхэд зуны лигт өрсөлдөөд ирсэн. Одоо волейболын бүртгэл нь эхэлж байна. Цаашдаа дан ганц спорт гэлтгүй урлаг, соёлын арга хэмжээнд хүүхдүүдийг сургахаар төлөвлөж байна.

Урлаг, спорт гэдэг хүнийг хүмүүжүүлэхэд чухал үүрэгтэй байдаг. Тиймээс ирээдүй болсон хүүхдүүдээ дэмжихэд миний бие хэзээд бэлэн байна гэдгээ илэрхийлье" гэв.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Монгол Авьяас" академийн төлөөлөн удирдагч Б.Хүдэрбаяр "AUU холбооны талаар хүмүүс сайн мэдэхгүй байж магадгүй. Энэ холбоо нь АНУ-ын өсвөрийн хамгийн том холбоо гэж ойлгож болно. Спортын олон төрлөөр тэмцээн зохион байгуулдаг.

Энэ тэмцээнд сайн оролцоод, авьяастай гэдгээ харуулж чадвал коллежийн скаут, дасгалжуулагч, мэргэжилтнүүдийн хараанд өртөнө.

Үнэхээр авьяастай гэж үзсэн тамирчинд тэтгэлэг өгч, багтаа авах боломжтой. Энэ бол бидний хамгийн гол зорилго юм. Сонгон шалгаруулалтын зар манай Mongolian Talent Academy пэйж хуудас дээр тавигдсан" гэлээ.