ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Трампын ойрын холбоотон, консерватив хөдөлгөөний идэвхтэн олон нийтийн арга хэмжээний үеэр буудуулж алагдав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын консерватив хөдөлгөөний хамгийн нөлөө бүхий идэвхтнүүдийн нэг, сошиал инфлюнсер, ерөнхийлөгч Дональд Трампын ойрын холбоотон Чарли Кирк өчигдөр оюутны хотхонд болсон олон нийтийн арга хэмжээний үеэр буудуулж алагджээ.

31 настай тэрбээр өчигдөр Юта мужийн нэг коллеж дээр нээлттэй хэлэлцүүлэгт оролцож байхдаа халдлагад өртсөн байна.

2012 онд 18 настайдаа Кирк оюутнуудын дунд консерватив үзлийг дэлгэрүүлэх зорилготой Turning Point USA (TPUSA) нэртэй хөдөлгөөнийг үүсгэн байгуулалцаж байжээ.

Түүний сошиал хуудас болон өдөр тутмын подкаст нь бэлгийн цөөнх, уур амьсгалын өөрчлөлт, шашны итгэл үнэмшил, гэр бүлийн үнэт зүйлс зэрэг сэдвүүдээр оюутнуудын дунд явуулсан мэтгэлцээнээ байнга дамжуулдаг байв.

Чикаго хотын уугуул, архитекторын хүү Кирк улс төрийн үйл хэрэгт өөрийгөө зориулахаар коллежоо орхиж байжээ.

Дараа нь тэр АНУ-ын цэргийн элит академи Уэст Поинтод элсэх хүсэлт гаргасан ч амжилтгүй болж байв.

Улс төрийн олон сэдвээр оюутнууд, эрдэмтэдтэй мэтгэлцэхэд нь дээд боловсролгүй гэсэн шүүмж Киркийг байнга дагадаг байлаа.

Түүний байгуулалцсан TPUSA ашгийн бус байгууллага зорилгоо оюутнуудад “төсвийн хариуцлага, чөлөөт зах зээл, төрийн оролцооны хязгаарлалтыг сурталчлах” гэж тодорхойлсон байдаг.

TPUSA одоо АНУ-ын 850 гаруй коллежид салбартай юм байна.

зураг
 

Кирк 2020 онд “The Maga Doctrine” нэртэй номоо хэвлүүлсэн нь ерөнхийлөгч Трампын “Америкийг дахин агуу болгох” хөдөлгөөнийг магтан дуулсан утгатай байжээ.

Өнгөрсөн оны сонгуулиар Трамп болон Бүгд Найрамдах намын бусад нэр дэвшигчдийг ялахад TPUSA чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг.

Кирк нэгдүгээр сард Трампын тангараг өргөх ёслолд оролцож, Цагаан ордны байнгын зочин болж байв.

Өчигдөр ерөнхийлөгч Трамп “Аугаа, тэр ч байтугай домогт хүн гэж хэлж болох Чарли Кирк амиа алдлаа. АНУ-д түүнээс илүү оюутнуудын зүрх сэтгэлийг ойлгодог хүн байгаагүй” гэж мэдэгджээ.

Өчигдөр Кирк олон зуун оюутны нүдэн дээр буудуулж алагдсан байна.

Түүнээс 200 орчим метрийн зайд оршдог барилгаас нэг удаа буудсаныг Юта Валли Их сургуулийн хэвлэлийн төлөөлөгч Эллен Треанор мэдэгджээ.

Буун дуу гарсны дараа эмх замбараагүй гүйлдэж буй оюутнуудын зураг, дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд тарсан байна.

Уг аллагын дараа АНУ-ын хоёр гол намын зүтгэлтнүүд улс төрийн хүчирхийллийг буруушаасан утгатай мэдэгдлүүдийг ар араасаа гаргажээ.

Холбооны Мөрдөх Товчоо алуурчныг эрэн сурвалжилж эхэлсэн байна. Тус байгууллагын тэргүүн Кэш Пател баривчлагдсан эхний сэжигтнийг сулласан тухай мэдээлжээ.

“Хууль сахиулагчдын авсан байцаалтын дараа эхний сэжигтнийг суллан явуулсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Ил тод байдлыг хангах үүднээс бид явцын дунд мэдээлэл байнга өгөх болно” гэж Пател хэлсэн байна.

 

Эх сурвалж: BBC