Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Юүнь Жонгсү: Солонгосчууд Монголд маш амар тайван байдаг

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Солонгос судлалын олон улсын 16 дугаар эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 18-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. 

Энэхүү эрдэм шинжилгээний хурлын үеэр Олон улсын Солонгос судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Юүнь Жонгсүгээс тодруулснаа хүргэж байна. 



Тэрбээр хэлэхдээ "Энэ удаагийн хуралд 15 улсын 150 гаруй зочид төлөөлөгч оролцож байна.

Хурлаар 

  • Олон улсын эрдэмтэд ямар үүрэгтэй вэ? 
  • Олон улсын Солонгос судлалын холбооны дэлхийн улс орнуудад үзүүлэх нөлөө нь юу вэ? гэдгийг танин мэдэх
  • Өмнөд Солонгос судлал, Хойд Солонгос судлал зэргээр хоёр Солонгосын харилцаа холбоо болон бусад судалгааг энэ хурлаар хэлэлцэж байна.

Манай олон улсын Солонгос судлалын холбоо нь 1990 онд байгуулагдсан бөгөөд 35 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа" гэлээ. 

Түүнчлэн "Бид Монголд ирээд солонгос хэл мэддэг маш олон хүнтэй тааралддаг. Өөрөөр хэлбэл монголчууд солонгос хэлийг сайн мэддэг болжээ. 

Тиймээс ч солонгос хүмүүс Монголд байхдаа маш амар тайван байдаг.

Харин эсрэгээрээ Улаанбаатар хоттой харьцуулбал Сөүл хот хүн амын нягтаршил ихтэй. 

Монгол бол өргөн уудам газар нутагтай, хүн амын тархац багатай, цэвэрхэн тал нутагтай орон. 

Монгол-Солонгос хоёр улс байнга харилцаа холбоотой байж ирсэн гэх бодол солонгосчуудад бүр багаас нь суучихсан байдаг. 

Та бүхэн сонссон бол солонгос хүүхдүүд ч "Монгол толбо"-той төрдөг. Энэ бол түүхэн ямар нэгэн холбоотой байсныг илтгэх илэрхийлэл ч байсан байж магадгүй" гэдгийг ярьж байлаа. 

Үргэлжлүүлэн Монгол-Солонгос хоёр орны түүхэн харилцааны талаар Шинжлэх Ухааны Академи (ШУА)-ийн дэд ерөнхийлөгч, шинжлэх ухааны доктор Ц.Цэрэндоржоос тодруулснаа хүргэж байна. 

"Монгол, Солонгосын харилцаа 2,000 гаруй жилийн түүхтэй"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тэрбээр хэлэхдээ "Монгол, Солонгосын харилцаа 2,000 гаруй жилийн түүхтэй. Бидний түүх Хүннү гүрнээс эхэлсэн. 

Монголын гадаад харилцааны түүхээс харвал Монгол-Хятадын харилцаа хамгийн эртнийх. Үүнээс дутахгүй түүхэн харилцаатай улс бол Солонгос билээ. 

Харилцааны түүхийн гол оргил үе нь 13-14 дүгээр зуун буюу Монголын эзэнт гүрний үе юм. Энэхүү харилцаа тасралтгүй үргэлжилсээр 20 дугаар зууныг хүргэсэн байдаг.

  • 1910-аад оноос эхлэн Монгол-Солонгос хоёр улсад тусгаар тогтнолын асуудал хоёуланд нь тулгарсан. Үүнтэй холбоотойгоор Солонгосын тусгаар тогтнолын төлөөх тэмцэгчид Монгол Улсад байрлаж монголчуудаас тусламж дэмжлэг авч байсан.
  • 1920-оод онд Монгол Улсад ардын хувьсгал ялсны дараа Солонгосын тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид Монголоор дамжуулан тусламж дэмжлэг авах гэх мэтчилэн өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулж байсан.
  • 1945 онд хоёр Солонгос хуваагдахад хүрч 1948 онд тус тусдаа хоёр улс байгуулсны дараа манай улс Умард солонгос буюу өнөөгийн БНАСАУ-тай бүрэн хэмжээний харилцаатай байсаар 1990 он хүрсэн.
  • 1990 оноос хойш Өмнөд Солонгос буюу БНСУ-тай харилцаагаа хөгжүүлсээр 35 жил болж байна. Энэ жил дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож буй.

Хоёр улс эртнээс уламжлалт харилцаа холбоотой явж ирсэн. Энэхүү эртний бат бэх харилцаа нь бие биедээ элэгсэг найрсаг хандах хөрс суурийг бий болгож өгсөн гэж боддог.

Мөн 13, 14 дүгээр зууны үед хоёр улсын хаад вангуудын үр хүүхэд хоорондоо ураг барилдсан түүх хүртэл бий.

Энэхүү өргөн цар хүрээтэй харилцаа холбоо нь өнөөгийн хоёр орны харилцаа өндөр дээд түвшинд хүрч, нийгмийн бүх салбарыг хамарч эрчимтэй хөгжих гол хөрс суурь нь болж өгсөн" хэмээв.