Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгааны ажлыг дүүргүүд хариуцдаг болсон. 2025 онд арчилгааны төсвийг нэмэгдүүлж өгснөөр ногоон байгууламжийг ойрхон давтамжтай арчлах төдийгүй ажилчдын цалинг 3-3.5 сая төгрөгт хүргэх боломж бүрдсэн юм.
Энэ талаар УБЗАА-ны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга, ерөнхий дендорлогич Н.Отгонбаяраас тодрууллаа.
Тэрбээр “Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгааны ажлыг дүүргүүд хариуцан ажиллаж байгаа. Нийслэлээс ногоон байгууламжийн төсвийг энэ жилээс тодотголоор нэмэгдүүлж өгсөн. Ингэснээр ногоон байгууламжийг өмнөхөөсөө илүү ойрхон давтамжтай арчилж торддог болж байна.
Ногоон байгууламжийн нэг га талбайн арчилгааны үнэлгээ 100 орчим сая төгрөг байсан нь одоо 150 сая төгрөг болж өссөн. Энэ хүрээнд ногоон байгууламжийн арчилгаа хийх давтамж ихсэж, чанар хүртээмж сайжирч байна” гэв.
Одоогоор Барилгын хөгжлийн төвөөр ногоон байгууламжийн барилгын норм, дүрэм шинэчлүүлэх ажил үргэлжлэн хийгдэж байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!