Индэр    
2022 оны 6 сарын 13
Зураг
iKon.mn сэтгүүлч

"Нийслэлийн хамгийн хөгшин мод 116 настай. Жилд 70 мянган тонн усаар ногоон байгууламжийг усалдаг"

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотод ургаж буй хамгийн өндөр настай мод 116 настай аж.

Харин нийслэлийн ногоон байгууламжид буй моднуудын 70-80 хувь нь сүүлийн 10 жилд таригдсан, мод ургамлуудыг услахад жилд 70 мянган тонн ус хэрэглэдэг гэх мэт сонирхолтой мэдээллийг доктор Д.Сүхбат ярилцлагадаа онцлов. 

Тэрбээр Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албаны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтэст Ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байна

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Түүнтэй нийслэлийн ногоон байгууламжийн асуудлаар ярилцсанаа хүргэе.

- Нийслэлийн ногоон байгууламжийн хэмжээ 2010 оноос 3.6 дахин өсжээ гэх мэдээлэл иргэдийн анхаарлыг их татсан. Ийнхүү нэмэгдсэн гэж тооцох үндэслэл юу байсан бэ. Ярилцлагаа энэ талаар эхлүүлье?

- Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн тооллогыг жил бүр хийдэг. Тусгай болон хязгаарлагдмал хэрэгцээний ногоон байгууламжийг бүхэлд нь дөрвөн жилд нэг удаа тоолж байна.

Хамгийн сүүлд 2018 онд Шинжлэх ухааны ботаникийн хүрээлэн, Геоэкологийн хүрээлэн, Улаанбаатар дээд сургуулийн багш нар зэрэг салбарын хүмүүс хамтран нийслэлийн захиалгаар хийсэн. Ингэхэд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 3.1 м.кв байгааг тооцоолсон. 2018 оноос өмнөх гэхээр 2011 онд л тоологдсон.

Хот бол зөвхөн нийтийн эзэмшлийн гудамжныхаа тоо хэмжээг мэдэхээс биш айл өрх, албан байгууллага гэх мэтчилэн бусад талбар дахь ногоон байгууламжийг жил бүр тоолоод байж чадахгүй тул дөрвөн жил тутамд мэдээллээ шинэчилж байна.

2011-2018 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Баянгол агро парк гэхчлэн томоохон хэмжээний талбарууд нэмэгдсэн нь нийслэлийн ногоон байгууламжийн хэмжээ өсөхөд нөлөөлсөн.

Хэдийгээр нэмэгдэж байгаа ч нэг хүнд ногдох хэмжээ нь 5.5 м.кв байгаа нь олон улсын жишигтэйгээ харьцуулахад бага үзүүлэлт.

Нийслэлд хийгдэх хөрөнгө оруулалтын дүнгээс тохижилт бүтээн байгуулалтад зарцуулах нь 2011 онд 11 хувь байсан бол 2022 онд 14 хувь болж нэмэгдлээ. Энэ нь том дэвшил. Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд аймаг, нийслэл тодорхой амлалтууд өгч байгаа. Нийслэлийн Засаг дарга 2030 он хүртэл 120 сая мод тарих том амлалт өгсөн.

- Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд олон аж ахуйн нэгж, иргэд сайн дураараа мод тарьсаар байна. Өмнө нь ч гэсэн мод тарих өдрөөр олон зуун мод тарьдаг байсан. Энэ мэтээр мод тарьсаар байдаг, гэхдээ хэн хариуцаж тордож байна вэ. ЗАА хариуцдаг уу, эсвэл?

- Хотод байгаа нийт ногоон байгууламжийн хэмжээг нийтийн эзэмшил буюу гудамж, зүлэг, парк, бичил цэцэрлэг, цэцэрлэгжсэн гудамж зэргээр ангилдаг.

Арчилгаа хамгаалалтын тухайд нийтийн эзэмшлээ захирагчийн ажлын албанаас, Хот тохижилтын газар нь хувийн хэвшлийн байгууллагуудаа хариуцах бол дүүрэг нь орон сууцны хороолол доторх СӨХ, бусад айл өрх албан байгууллагатай холбоотой ногоон байгууламжаа нэмэгдүүлэх ажлыг өөрсдийн нутаг дэвсгэрийн хүрээндээ хариуцдаг.

Томоохон хотууд ногоон байгууламжийг үл хөдлөх хөрөнгийн хэмжээнд авч үздэг

Тэрбум мод хөдөлгөөний хүрээнд нийслэлийн тарих 120 сая модны 55 сая нь ногоон бүсэд ойжуулалтад, 65 сая нь хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн зориулалтаар тарина. Үүнийг дүүргүүдэд хуваавал нэг дүүрэг 7.2 сая мод тарих тооцоолол бий. Дүүрэг бүр өөрийн нутаг дэвсгэр дээр ногоон байгууламж нэмэгдүүлэх ажлаа хийж, урсгал зардлаа ч өөрсдөө шийдэх ёстой.

Мод тарих нь зөв, харин байнгын арчилгаа, тордлогоотой байлгах нь бүр илүү чухал.

- Нийслэлийн ногоон байгууламжийг хэр хугацааны давтамжтай усалдаг вэ. Ингэхдээ жилд хэдэн тонн ус зарцуулдаг бол?

- Арчилгаанд олон төрлийн ажилбар орно. Зөвхөн усалгаагаар зогсохгүй.

Хавар мод тарилаа гэхэд намар ургалтын хугацаа дуусах хүртэл ногоон байгууламжийн арчилгаа, хортноос хамгаалах, хөрс боловсруулах зэрэг ажил хийгддэг. Бүх ажиллагаа технологийн дагуу зөв хийгдэж байж тэр мод ургана шүү дээ. Хэрэв аль нэг нь алдагдвал мод эрсдэлд орох магадлалтай.

Усалгаа долоо хоногт нэг удаа буюу сард дөрвөн удаа, ургалтын хугацаанд 3-4 удаа бордоотой усалгаа хийгдэнэ. 14-21 хоногт зүлэг хэлбэржүүлж тайрах, зургаа болон наймдугаар сард өвчин, хортноос сэргийлэх ажил хийгддэг.

Жилд 70 мянган тонн усаар ногоон байгууламжаа усалдаг. Усалгаа нь цаг хугацаагаараа өөр байдаг. Жишээлбэл, дөрөвдүгээр сард гарахад цэнэг усалгааг 14 хоногт нэг, тавдугаар сараас зургаадугаар сар хүртэл долоо хоногт нэг, долдугаар сард усалгааг татаж, наймдугаар сарын 15-наас хойш 14 хоногт нэг хийх бөгөөд 10 болон арваннэгдүгээр сард байгалийн хур тунадсыг харж байгаад сүүлийн цэнэг усалгаагаа хийдэг.

- Цэцэрлэгжүүлэлтэд ажиллах хүн хүчний нөөц хэр байдаг вэ?

- Хотын байгууламжид жилд 450-500 цэцэрлэгч ажиллаж байна. Үүний 135 нь Хот тохижилтын газрынх бол 300 гаруй нь хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтан.

Бид ажлыг нь сар бүр хянаж байдаг тул төлөвлөсөн дагуудаа явдаг. Гэхдээ тогтвор суурьшилтай ажиллахын тухайд хүндрэлтэй. Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн компаниуд улирлын чанартай, дээрээс нь бид жилийн дөрвөн улиралд арчилгааны зардал өгч чаддаггүй учраас тухайн байгууллагад тогтвортойгоор нийгмийн даатгалаа төлөөд явах хүн ховор. Тиймээс ээлжилж, солигдоод байхаар шинэ хүнийг мэргэшүүлэх, сургах шаардлага гарсаар байна. Цалингийн асуудал ч үүнд нөлөөлдөг.

Улаанбаатар хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн түүх 1924 онд эхэлсэн

Хэрэв жилийн дөрвөн улиралд цэцэрлэгжүүлэлтийн зардал өгдөг болчихвол өвөл нь ч цас мөсийг мод руугаа овоолох, халтиргаа гулгаагаар мод мөргөх осол гардаг учраас тогтмол эзэнтэй байлгамаар байна гэдгээ байнга уламжилдаг. 

- Халтиргаа гулгаа гэж ярьсан дээр асууя. Жилд дунджаар хэдэн осол гарч, нийслэлийн ногоон байгууламжийг эвдэж байна вэ. Эдгээрийн эзэн холбогдогчийн олох нь ч хүндрэлтэй байдаг гэсэн?

- Сүүлийн гурван жилийн тоог харахад давтамж нь жил тутамд нэмэгдэж байгаа. Гарч буй ослын газрын хяналтын камерын тусламжтайгаар эзнийг нь олох нь 50-60 хувьтай. Жил бүр ногоон байгууламжийн 10-20 хувьд нөхөн тарих, сэргээн засварлах ажил тогтмол хийгддэг.

Иргэд хурдаа тохируулах, согтуугаар жолоо барихгүй байх зэрэг наад захын ухамсрын асуудлаас шалтгаалж хохирол учирч байна. Өнгөрсөн оны эцэст гэхэд л 147 сая төгрөгийн хохирол учирсан.

Хотын ногоон байгууламжийн нийт масс буюу 70-80 хувь сүүлийн 10-аад жилд тарьсан моднууд

Нэг л мод мөргөсөн байна лээ гэх тоомжиргүй хандах нь бий. Харин төдийгөөс нь өдий хүртэл ургуулахын тулд ямар их хөдөлмөр зарцуулсан байдаг билээ, ногоон байгууламж нь арчилгааны зардал, хөдөлмөр орсноосоо хамааран нэмүү үнэ өртөг шингэдэг.

Томоохон хотууд ногоон байгууламжийг үл хөдлөх хөрөнгийн хэмжээнд авч үздэг. Байшин барилга, сандал ширээ зэрэг нь элэгдэл хорогдлын зардлаараа үнэлэмж буурдаг бол мод ургамлын үнэ цэн өссөөр байдаг.

Ийм хэмжээний хохирол гарсан гээд Иргэдийн хурлын 18 дугаар тогтоолыг барихаар энэ мөнгө үнэтэй байна, хасаач бууруулаач гэдэг.

Энэ бол осол гаргаж, хохирол учруулсан хүнтэй хийж буй тохиролцоо биш. Олон жил ургуулсан хүч хөдөлмөр, өртөг шаарддаг тул үнэлэмжийг нь нэмэгдүүлэх шаардлага бий. 

- Учруулсан хохирлын мод бүрээр хэдээр үнэлж байна вэ?

- Одоо буй журмаар навчит мод 487,500, шилмүүст бол 587,500 төгрөг гэхчлэн нэрлэсэн үнэтэй. Гэтэл мод мөргөчхөөд энэ хэмжээний мөнгөө төлөхдөө ч бухимддаг.

- Нийслэлд хэзээнээс мод тарьж эхэлсэн байдаг вэ?

- Улаанбаатар хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн түүх 1924 онд эхэлсэн. Анх ардын цэнгэлдэх гэж байгуулахаар ард түмний хандиваар 200 төгрөг босгож, анхны мод, цэцэрлэгийг байгуулсан түүхтэй. Тухайн үед Зөвлөлт Холбоот Улсын мэргэжилтнүүдийн зөвлөгөөгөөр анхны модыг Монголбанкны дэргэд лаврын навчит улиас тарилаа гэж тэмдэглэсэн байдаг.

Улаанбаатар хотод байгаа хамгийн өндөр настай модыг судлахад одоогийн Сөүлийн гудамж буюу Ерөнхийлөгчийн өвлийн ордны урд байгаа нарс бөгөөд 116 настай нарс байна. Цэнтрал тауэрын ард байгаа гацуур моднууд нь мөн хамгийн өндөр настай модонд тооцогддог. Үүн дээр нэмээд хонхтой цэцэрлэгт хүрээлэнд байгаа шинэс хамгийн өндөр настайд орно.

Хотод дандаа зохиомлоор тарьсан моднууд бий. Тухайн үедээ уулнаас мод шилжүүлж тарьж байсан. Эдгээр мод нийслэлд 60-70 жил ургасан, анх ирэхдээ 40-50 настай байсан гэсэн судалгаа бий. Шилмүүст моднууд нь арай илүү өндөр настай.

- Нийслэлд буй модны дундаж нас нь хэд вэ?

- Ерөнхийдөө нийслэлд буй хамгийн өндөр настай моднууд нь 116-120 настай.

2013 оноос хойш урсгал зардал, арчилгааны төсөв тавигдсан. Хотын ногоон байгууламжийн нийт масс буюу 70-80 хувь сүүлийн 10-аад жилд тарьсан моднууд.

Жилд хотын хэмжээнд нийт 0.07 га газарт л нэг наст ургамал тарьдаг

Төрөл зүйлийн тухайд 17 овгийн 34 төрлийн 82 зүйлийн мод ургаж байна. Үүнийг жил бүр нэмэгдүүлэхийг зорьдог.

Ноднин жил бид хоёр төрлийн шинэ мод тарьсан. Манайд өмнө нь ургаж байгаагүй Оросын шинэ сортын мод тарьсан. Мөн Ховдын Булганаас алимны мод авчирч суулгасан.

Жилд нэг гэхгүйгээр шинэ төрөл зүйлийн мод тарихыг зорьдог. Циркийн арын Д.Цэрэндоржийн гудамжны үзүүр хэсгээр цагаан яргайгаар төгөл хийсэн.

Шинэ сортын модыг илүү сурталчлах, олон нийтэд таниулах гэхээр шинэ тарьсан модыг аваад явчихдаг. Тасалгааны ургамлыг үрслүүлээд аваад явахаар ургадаг. Гэхдээ цэцэг өөр, мод бут тэгэх боломжгүй.

Тарьсан модоо их анзаардаг. Жишээлбэл, цагаан яргай дээр очоод харахад мөчрүүдээс нь тайрчихсан байдаг. Тэр бол ургахгүй.

Тэгэхээр иргэдэд наад захын ойлголт дутагдалтай байна. Шилжүүлж авахдаа үндэсний системийг нь хөндөхгүйг хичээдэг. Гэтэл суга татчихаар нарийн хялгасан үндсийг нь үлдээчихнэ. Тэгэхээр өөр газар суулгахад ургахгүй.

Ногоон байгууламжийн чиглэлээр ажиллаж буй хүмүүс хийж буй ажлаасаа л сэтгэл ханамж авдаг. Нэг ч гэсэн модоо ургуулж, цэцэглэж байхыг нь хараад баярладаг, чин сэтгэлээсээ ажилладаг хүмүүс. Тийм байхад дээрх шиг сэтгэлээр хандахаар урамгүй.

Шинэ төрлийн мод тарихад анхнаасаа төлөвлөгөөгөө танилцуулж зөвшөөрөл авах, төсвөө батлуулах гээд ихээхэн ажил болдог. Гэвч зарим нь аваад явах, машинаар мөргөх зэрэг асуудал гаргахаар хэцүү.

Цэцгийн мандал дээгүүр машинаа гаргах, зүлгээр алхах зэрэг нь суурин соёлд шилжих явцад гарч байгаа асуудал гэж боддог. Иймд гишгүүлэхгүйн тулд илүү их цэцэг, мод тарьж, тэр хүмүүсийг хайрладаг болоосой гэж ханддаг. Иргэдийн ухамсар дээшилж байгаа ч таагүй хандлага дуусаагүй байна.

- Энэ жил нэг наст цэцэг хэр хэмжээний талбайд тарих вэ?

- Нийтийн эзэмшлийн гудамж, гол магистраль замуудыг Хот тохижилтын газар хариуцдаг. Үүний төсөвт тодорхой байршлуудад цэцэг тарих тухай байдаг. Энэ хүрээнд цэцгээ тарьдаг. Жилд хотын хэмжээнд нийт 0.07 га газарт л нэг наст ургамал тарьдаг.

- Нэг айлын хашааны хэмжээ байх нь.

- Тийм. Бүхэл бүтэн хотод ийм хэмжээний талбайд цэцэг тарих нь бага үзүүлэлт ч хүмүүс мөнгө үрлээ гэж хараад байдаг. 

- Үүнд хэр хэмжээний зардал гаргадаг вэ?

- 200 орчим сая төгрөг ордог.  Энэ бол байгууллага үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлдэг тул урсгал зардал тооцогдохгүй, зөвхөн цэцгийн өртөг нь. Гаднын улс оронд мандлын цэцэг, тасалгааны ургамлаар томоохон үзэсгэлэн гаргадаг. Цэцэг, ургамал нь хүний сэтгэл санаанд сайнаар нөлөөлдөг.

Хүмүүс харьцангуй ногоон байгууламжид анхаардаг болж эхэллээ. 

Тэрбум мод үндэсний хөдөлгөөнөөр нөлөөгөөр тодорхой хууль, дүрэм журам, норм, үнэлэмж шинэчлэгдэж байна. Саяхан хүүхдийн паркийн 10 га газар зөвхөн тохижилтын ажил хийхээр болж, ажлын хэсэг гарсан. Энэ бүхэн маш том дэвшил.

Өмнө нь зөвхөн мэргэжлийн хүмүүс л ярьдаг байсан бол өнөөдөр байгаль экологи, хот суурин газрын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийг  хүн бүр ярьдаг болсон нь сайн хэрэг. Үүний дараа хийж сурмаар байна.

Бид яриад сурчихлаа, агаар бохирдол их байна, цөлжилт газар нутгийн 70 гаруй хувьд явж байна, тоос тоосонцроос хамаарч өвчин гарч байна зэргийг ойлгочихлоо.

Одоо хүн бүр өөрсдийн хувь нэмрээ оруулж, ядаж хашаандаа мод таримаар байна. Хүн 18 мод таривал насан туршдаа амьсгалах агаараа нөхнө гэдэг шиг байгаль эх дэлхийдээ барьж буй бэлэг. Энэ бол уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бий болдог.

Мөнгө байвал 10 давхар байшинг нэг жилд л барих бол 10 настай модыг 10 тарьж, ургуулж байж л бүтээдэг. Энэ бол илүү их хүч, сэтгэл шингэж байж л бий болдог тул хүн өөрийн капитал, үр хүүхдэдээ үлдээх үл хөдлөх хөрөнгө чинь мод юм шүү гэж хэлмээр байна.