Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Coldplay хамтлагийн тоглолтын үеэр хувийн нууц амьдрал нь илчлэгдсэн гүйцэтгэх захирал албан тушаалаасаа огцорчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагийн орой АНУ-ын Массачусетс мужийн Фоксбороу хотод болсон Coldplay хамтлагийн тоглолтын үеэр Astronomer технологийн компанийн гүйцэтгэх захирал компанийнхаа хүний нөөцийн захирал эмэгтэйтэй тэврэлдэж зогссоныг санамсаргүй олон сая хүн харсан билээ.

Үзэгчдийн дүрсийг санамсаргүй түүвэр байдлаар том дэлгэц дээр харуулах үеэр тэдний дотно харилцаа ил болсон нь томоохон дуулиан болсон юм.

Камерт өртсөн хос нь Нью Йорк хотод өгөгдлийн менежмэнт, боловсруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Astronomer компанийн гүйцэтгэх захирал Энди Байрон, хүний нөөцийн захирал Кристин Кэбот нар байжээ. Байрон нь гэр бүлтэй хүн юм байна.

Баасан гарагт Astronomer компанийн төлөөлөн удирдах зөвлөл энэ асуудлын мөрөөр шалгаж эхэлснээ зарлаж байв.

Тэгвэл өчигдөр буюу Бямба гарагт Байрон албан тушаалаасаа огцрох өргөдөл гаргасныг мэдээлжээ.

“Энди Байрон огцрох хүсэлтээ гаргасныг төлөөлөн удирдах зөвлөл хүлээж авсан. Өмнө нь мэдэгдсэнчлэн Astronomer компани өөрийн үүсгэн байгуулагдсан цагаас хойш дагаж ирсэн үнэт зүйлс, байгууллагын соёлыг үргэлжлүүлэн хадгалах болно. Манай удирдлагууд ёс суртахуун, хариуцлагын аль алинд нь стандарт тогтооно гэдэгт найдаж байна. Саяын тохиолдолд энэ стандарт зөрчигдсөн юм” гэж удирдах зөвлөлийн мэдэгдэлд өгүүлсэн байна.

Байроны албан тушаалыг бүтээгдэхүүн хариуцсан дэд захирал түр хугацаанд хаших бөгөөд энэ хооронд шинэ гүйцэтгэх захирал олж томилохоо төлөөлөн удирдах зөвлөл бас мэдээлжээ.

Камерт өртсөнөө мэдсэн даруй Байрон, Кэбот нар хүмүүсийн араар нуугдахад Coldplay хамтлагийн дуучин Крис Мартин тайзан дээрээс “тэд нэг бол хоорондоо явалддаг, эсвэл их ичимхий хүмүүс бололтой” хэмээн хошигнож байв.

 

Эх сурвалж: BBC