Coldplay хамтлагийн тоглолтын үеэр Astronomer технологийн компанийн гүйцэтгэх захирал Энди Байрон компанийнхаа хүний нөөцийн захирал эмэгтэйтэй тэврэлдэн зогсож буйг харуулсан дүрс бичлэг тарсан нь энэ долоо хоногийн олон улсын гол дуулиануудын нэг байлаа.
Энэ дуулианы талаар өчигдөр Astronomer компанийн төлөөлөн удирдах зөвлөл анх удаа мэдэгдэл гаргажээ.
“Төлөөлөн Удирдах Зөвлөл уг асуудлын мөрөөр албан ёсны шалгалт эхлүүлсэн бөгөөд удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. Манай удирдлага ёс зүй, хариуцлагын стандартыг мөрдөх ёстой гэж үзэж байна” гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байна.
Мөн дуулиан тарьсан дүрс бичлэгт компанийн өөр нэг ажилтан гарсан, Байрон өөрөө олон нийтээс уучлалт гуйсан гэх мэдээллүүдийг няцаажээ.
Пүрэв гарагт Массачусетс мужийн Фоксбороу хотын Gillette Stadium төвд зохион байгуулагдсан Coldplay хамтлагийн тоглолтын үеэр үзэгчдийн суудал руу чиглэсэн камерын дуранд тэврэлдэн зогссон Байрон болон түүний компанийн хүний нөөцийн захирал Кристин Кэбот нар санамсаргүй өртсөн юм.
Тоглолтын шууд дамжуулалтын камерт өртсөнөө мэдмэгцээ тэд тэр даруй хүмүүсийн араар нуугдсан байна. Байрон нь гэр бүлтэй хүн юм.
Энэ үеэр Coldplay хамтлагийн дуучин Крис Мартин тайзан дээрээс тэднийг “нэг бол явалддаг, үгүй бол их ичимхий хүмүүс бололтой” хэмээн хэлж байжээ.
Дүрс бичлэгийг сошиал орчинд олон арван сая хүн үзэж, Пүрэв гарагт Байроны нэр Google хайлтыг тэргүүлсэн юм.
Astronomer компани хүмүүсээс ирэх асар олон сэтгэгдлийг хянаж чадахгүй болсон тул LinkedIn болон Х хуудасныхаа сэтгэгдэл авах хэсгийг хаажээ.
Бүр зарим хүмүүс Polymarket бооцооны сайт дээр Байрон албан тушаалдаа үлдэж чадах эсэх дээр мөрий тавьсан нь $250,000-ын хэмжээнд хүрсэн байна.
Дуулиан дэгдсэнээс хойш 24 цаг өнгөрөөд байхад Байрон болон Astronomer компанийн талаас ямар ч мэдэгдэл гараагүй, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн тодруулгад хариулаагүй байсан юм.
2015 онд үүсгэн байгуулагдсан Astronomer компани нь өгөгдлийн менежмэнт, боловсруулалтын программ хангамж хөгжүүлдэг бөгөөд бүтээгдэхүүнийг нь Activision, Marriott зэрэг томоохон байгууллагууд ашигладаг юм байна.
Өнгөрсөн тавдугаар сард тус компани ээлжит хөрөнгө оруулалт татсанаар зах зээлийн үнэлгээ нь $775 саяд хүрснийг PitchBook мэдээлж байв.
Байрон өөр хэд хэдэн компанийн гүйцэтгэх удирдлагаар ажилласны эцэст 2023 оны долдугаар сард Astronomer компанийн гүйцэтгэх захирлаар томилогдож байжээ. Түүнтэй холбогдсон Кэбот 2024 оны арваннэгдүгээр сард хүний нөөцийн захирлаар ажилд орж байсан юм байна.
Тухайн үед Байрон “Кристиний манлайлал, авьяас чадвар, ажилтнуудын оролцоо болон хүний нөөцийн стратегийн талаар гүн гүнзгий мэдлэг нь манай хурдтай ахиц дэвшлийг үргэлжлүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна” гэж мэдэгдэж байжээ.
Энэ мэдэгдэлд Кэтбот “Astronomer компанийн боломжийн талаар Энди болон бусад удирдлагын багтай хийсэн ярилцлагаас би асар их эрч хүч авлаа” гэж хэлснийг дурдсан байна.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!