Ази, Карибын тэнгисийн орнуудаас ирсэн таван цагаачийг Африкийн бяцхан хаант улс Эсватини руу албадан гаргаснаа АНУ-ын эрх баригчид өчигдөр зарлажээ.
Албадан гаргасан цагаачид нь Куба, Ямайк, Лаос, Вьетнам, Йемен улсын иргэд байсан байна.
“Эдгээр хууль бус цагаачид үнэхээр харгис хэрцгий гэмт хэрэгтнүүд тул эх орон нь буцааж авахаас татгалзсан” гэж АНУ-ын дотоод хэргийн яам мэдэгджээ.
Тэдгээрийг хүүхэд хүчиндэх, хүний амь хөнөөх зэрэг ноцтой гэмт хэрэг үйлдсэн болохыг бас мэдээлсэн байна.
Эсватини улсын эрх баригчид АНУ-аас албадан гаргасан гуравдагч орны таван иргэнийг өөрийн хорих газруудад тусгаарлан хорьсны эцэст тус тусын эх оронд нь буцаах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ.
“Гуравдагч орны гэмт хэрэгтнүүдийг АНУ-аас Эсватини руу албадан гаргасанд хүмүүсийн сэтгэл түгшиж байгааг бид ойлгож байна. Таван хүн одоогоор манай хорих газруудад тусгаарлагдан хоригдож байгаа. Энэ бол манай засгийн газрын АНУ-ын засаг захиргаатай өндөр түвшинд олон сарын турш үргэлжилсэн яриа хэлэлцээний үр дүн юм” гэж Эсватинигийн засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч хэлсэн байна.
Трампын засаг захиргаа эх орон нь хүлээж авахаас татгалзсан хууль бус цагаачдыг гуравдагч улс орнуудад албадан гаргах болсон нь нэлээд маргаан дэгдээгээд байгаа.
Гэвч өнгөрсөн сард АНУ-ын дээд шүүх Трампын энэ үйлдлийг дэмжсэн дүгнэлт гаргаснаар маргаан шийдэгдэж байв.
Энэ сарын эхээр Вашингтоны эрх баригчид өөр найман хууль бус цагаачийг иргэний дайны хөлд нэрвэгдсэн Өмнөд Судан руу албадан гаргасан юм.
Тэдгээр нь хүнд гэмт хэрэг үйлдсэн Кубын хоёр, Мьянмарын хоёр, Вьетнам, Лаос, Мексик, Өмнөд Суданы тус бүр нэг иргэн байжээ.
1986 оноос хойш Гуравдугаар Мсвати хааны удирдаж буй Эсватини бол Африк тивийн хамгийн сүүлчийн хэмжээлшгүй эрхэт хаант улс юм.
57 настай хаан тансаг үрэлгэн амьдрал, хүний эрхийн зөрчил зэргийн улмаас байнга шүүмжлүүлдэг.
Өмнө нь Свазиланд нэртэй байсан 17,364 хавтгай дөрвөлжин километр талбайтай нутагтай, 1.2 сая хүн амтай энэ улс Өмнөд Африк, Мозамбик улсуудын дунд оршдог, далайд гарцгүй юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
38 СЭТГЭГДЭЛТЭЙ
|