Нэгдүгээр шинэ тойрог зам төслийн санхүүжилтийн талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай тайлбар өгөв.
Тэрбээр “2022-2024 онд ашиглалтад оруулсан зургаан эгнээ бүхий Наадамчдын гүүр 480 метр урт нийт 78 тэрбум төгрөгөөр барьсан. Нэг метр нь 163 сая төгрөгийн төсөвт өртөгтэй буюу нэг км-ийг нь 43 сая ам.доллароор барьсан гэсэн үг. Зайсангийн гүүрийг 2022-2025 онд 2 эгнээг 41 тэрбум төгрөгөөр барьсан. 1 км нь 51 сая ам.доллароор боссон. Олимпын гүүрийг 2016-2023 онд зургаан эгнээтэй барьсан. 1 км нь 52 сая ам.долларын өртгөөр барьсан. Эдгээр тоо баримтаас харахад Улаанбаатар хотод баригдсан гүүрэн байгууламжтай авто замуудын 1 км-ийн нийт өртөг 43-52 сая ам.доллар байна.
Тэгвэл өнөөдөр бидний яриад байгаа Нэгдүгээр шинэ тойрог авто замын нэг км-ийн өртөг 37 сая ам.доллар буюу нийт 24.7 км үргэлжлэх авто замын нийт өртөг нь 918 сая ам.доллар гэж тооцсон. Нийт өртөгт зураг төсөл, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, инженерийн шугам сүлжээний шинэчлэл, нүүлгэн шилжүүлэлт, техник хяналт, газар чөлөөлөлт, зам барилгын үндсэн ажлууд гээд маш олон төрлийн зардал хамт багтана. Тиймээс тооцоо, судалгаагүй, үнэн бодит бус мэдээлэлд цензуртэй хандахыг хүсье” хэмээн тайлбарлалаа.
Нэгдүгээр шинэ тойрог авто зам нь 24.7 км урт үндсэн 6 эгнээ, зарим хэсэгтээ туслах 4 эгнээ нэмэгдэх бөгөөд гүүрэн байгууламж, туннель, далангийн ажлуудыг давхар гүйцэтгэнэ.
АНУ болон БНХАУ-ын хувь нийлүүлсэн компани болох “Си Эс Си И Си Айком консалтантс” ХХК нэгдүгээр Шинэ тойрог замын ТЭЗҮ-ийг нь боловсруулж, холбогдох мэргэжлийн бүх байгууллага, шинжээчдээр хянуулж, батлуулжээ.
Нэгдүгээр шинэ тойрог замын бас нэг онцлог гэвэл expressway буюу уг замаар тээврийн хэрэгсэлтэй иргэн зогсолтгүй явсаар төгсөх зориулалттай. Энэ чиглэлээр Монгол Улсад анх удаа баригдах хурдны зам болж буй. Уг авто замын нийт 918 сая ам.долларын санхүүжилтийн 15 хувийг “Эрдэнэс Монгол” ХХК, 85 хувийг гүйцэтгэгч өөрөө гаргах буюу олон улсын нэн хөнгөлөлттэй урт хугацааны зээлээр бүрдүүлэхээр төлөвлөжээ.
2025 оны наймдугаар сард EPC+F нөхцөлтэй Нэгдүгээр шинэ тойрог замын олон улсын нээлттэй тендерийг 3 багцад хуваан зарлаж, есдүгээр сард тендер шалгаруулалт дуусвал, 2025 оны намартаа багтаж гэрээ байгуулах болон бусад нарийвчилсан ажлуудаа төлөвлөж дуусгаад 2026 оны хавар барилга угсралтын ажлыг эхлүүлэх хуваарьтай байгааг хэлэв.
Нэгдүгээр шинэ тойрог зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын түгжрэлийг 23-27 хувь бууруулж, нэг өдөрт уг авто замаар 183 мянган автомашин зорчих боломжтой гэж тооцсон бол нэгдүгээр шинэ тойрог зам, Туулын хурдны замтай хамт ашиглалтад ороход Улаанбаатар хотын түгжрэлийг 40 орчим хувиар бууруулна гэсэн ТЭЗҮ-ийг боловсруулсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
41 СЭТГЭГДЭЛТЭЙ
|