Сураггүй алга болсон есөн хүнийг аварсан гавьяагаараа үндэсний баатрын хэмжээнд алдаршиж, Италийн ерөнхий сайдаас өргөмжлөл хүртэж байсан үнэрч нохой бусдын гарт хорлогджээ.
Долоон настай Бруно нэртэй энэ нохойд хэн нэг нь хадаас шигтгэсэн зайдас өгсний улмаас амиа алдсаныг сургагч багш нь өчигдөр мэдээлсэн байна.
Италийн ерөнхий сайд Жоржа Мелони “бузар булай, хулчгар, байж боломгүй” аллагыг буруушааж байгаагаа сошиал хуудсаараа илэрхийлээд Брунод “хийсэн бүхэнд тань баярлалаа” хэмээн талархал илэрхийлжээ.
Нохойн сургагч Арканжело Каресса хэн ийм зүйл хийснийг мэдэж байгаа бөгөөд буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэхээ амласан байна.
Тухайлбал хууль бус нохойн бооцоот тулааныг илрүүлэх ажиллагаанд үүрэг гүйцэтгэснийх нь төлөө гэмт этгээдүүд Бруногоос өшөө авсан гэж сэжиглэж байгаа гэнэ.
“Чи бүх амьдралаа хүмүүсийг аврахад зориулсан. Гэтэл чи одоо тэр хүмүүстээ хорлогдлоо. Чи үргэлж миний баатар хэвээр байх болно” гэж Каресса сошиал хуудсаараа эмгэнэл илэрхийлжээ.
Италийн цагдаагийн болон прокурорын байгууллагууд нохойн аллагын хэргийг хамтран шалгаж эхэлснийг тэр мэдээлсэн байна.
Италийн амьтны эрхийг хамгаалах хөдөлгөөний идэвхтэн, парламентын гишүүн Микела Витториа Брамбилла буруутай этгээдүүдийг илрүүлж, хуулийн хариуцлага хүлээлгэхийг эрх баригчдад уриалжээ.
Брамбиллагийн удирдаж санаачилсан шинэ хуулиар амьтны амийг тарчилган зовоох аргаар хөнөөсөн этгээдэд дөрвөн жилийн хорих ял, 60,000 еврогийн торгууль оноодог болсон юм.
Бруно хадаас шигтгэсэн зайдас идсэний улмаас удаан шаналж, дотуур цус алдаж үхсэн тул буруутай этгээдэд ийм шийтгэл оноохыг тэр уриалжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
|