АНУ-ын холбоотон Япон, Өмнөд Солонгос улсуудад Трамп 25 хувийн импортын нэмэлт татвар ногдуулахаа анхааруулав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн ихэнх улс орнуудад ногдуулсан импортын “харилцан” татварын хэрэгжилтээ 90 хоногоор хойшлуулсан нь долдугаар сарын 9-нд дуусаж байгаа.

Тэрбээр өнгөрсөн хугацаанд худалдааны маргаан зөрчлөө арилгах гэрээ байгуулж чадаагүй АНУ-ын гол түнш 12 улсын төрийн тэргүүнд наймдугаар сарын нэгний өдрөөс эхлэн нэмэлт татвар ногдуулах гэж байгаагаа мэдэгдсэн захидал илгээжээ.

Тэдгээрийн дотор АНУ-ын Ази тив дэх гол түнш Япон, Өмнөд Солонгос улсууд багтсан байна.

Эдгээр улсуудын бараа бүтээгдэхүүнд ирэх сараас эхлэн нэмэлт 25 хувийн импортын татвар ногдуулахаар болжээ.

Япон, Өмнөд Солонгосын удирдагчдад бичсэн бараг ижил утгатай захидалдаа Трамп “харилцан ойлголцолд хүрэхэд хол байгаа” талаар харамсал илэрхийлсэн байна.

Хариуд нь Японы ерөнхий сайд Шигэрү Ишиба тус улс Трампын засаг захиргаатай байгуулах худалдааны гэрээнд амархан бууж өгөхгүйгээ мэдэгджээ.

Албаны тоо баримтаас үзвэл Япон улс нь АНУ-д өөрийн худалдаж авдгаас хоёр дахин их бараа нийлүүлдэг.

Одоогоор дээрх хоёр улс АНУ-д бараа бүтээгдэхүүн нийлүүлэхдээ 10 хувийн импортын татвар төлж байгаа.

“Хэрвээ захидал хүлээж авсан орнууд ямар нэг шалтгаанаар манай бараа бүтээгдэхүүнд ногдуулдаг татвараа нэмэхээр шийдвэл бид хэмжээнээс нь үл хамааран 25 хувийн нэмэлт татвар ногдуулна” гэж Трамп сошиал хуудсандаа бичжээ.

Тэрбээр бусад улсуудыг харилцан адилгүй хэмжээтэй нэмэлт татвараар сүрдүүлж байгаа юм байна.

Тухайлбал Малайз, Казахстанд 25 хувь, Өмнөд Африкт 30 хувь, Лаос, Мьянмарт 40 хувийн татвар ногдуулахаар төлөвлөжээ.

АНУ-ын сангийн сайд Скотт Бессент ойрын 48 цагийн дотор захидал хүлээн авсан орнуудаас худалдааны асуудлаа шийдвэрлэх саналууд ирнэ гэдэгт найдаж байгаагаа мэдэгдсэн байна.

Өнгөрсөн 90 хоногийн хугацаанд Трампын засаг захиргаа хоёрхон улстай худалдааны нөхцөлөө шинэчилж чадсан нь Вьетнам, Их Британи байлаа.

Трампыг шийдвэрээ зарласны дараа АНУ-ын хөрөнгийн зах зээлийн гол индексүүд унасан байна.

Тухайлбал S&P 500 индекс нэг хувиар унасан нь сүүлийн гурван долоо хоногийн хамгийн том уналт байлаа. Японы автомашин үйлдвэрлэгч Тоёотагийн хувьцааны ханш 4.1, Хондагийн хувьцааны ханш 3.8 хувиар тус тус унажээ.

Үүнтэй зэрэгцэн америк долларын ханш Японы иен, Өмнөд Солонгосын вонтой харьцуулахад чангарсан байна.

 

Эх сурвалж: Reuters