Хөгжмийн зохиогчийн эрхийг хэрхэн хамгаалах вэ?
Эгшиг аялгуугүйгээр бид амьдралыг төсөөлөх аргагүй. Бидний ажилдаа явах замдаа анзааргагүйхэн сонссон нэг дуунаас эхлээд суут хөгжмийн зохиолчдын симфони хүртэлх хөгжмийн бүхий л бүтээл нөр их хөдөлмөр, зах хязгааргүй сэтгэл хөдлөл, бүтээлч санааны ундаргаас бүтдэг. Урлаг, уран бүтээлээс эхлээд бүхий л амьдрал дижитал платформууд руу шилжиж буй энэ эрин үед зохиогчийн эрх ба түүнд хамаарах эрхийг хамгаалах явдал улам бүр чухал болж байна.
Өнөөдөр дэлхийн олон оронд хөгжмийн зохиолч, дууны үг зохиогч, эрх эзэмшигчид төвлөрсөн нэг хамтын удирдлагын байгууллагын гишүүн болж, тэр нь өөрийн гишүүдийнхээ өмнөөс үйл ажиллагаа явуулж эрх ашгийг нь хамгаалж байна. Хамтын удирдлагын байгууллагууд хөгжим ашиглалтын бүхий л сувгуудад лиценз олгож, зохиогчдын бүтээл ашиглалтын төлбөрийг цуглуулж, гишүүддээ хуваарилдаг.
Монголын зохиогч, хөгжмийн зохиолч, хөгжмийн хэвлэн нийтлэгчдийн нийгэмлэг MOSCAP нь хөгжмийн урлагийн үгтэй болон үггүй бүх төрлийн бүтээлийн зохиогчийн эрхийг хэрэгжүүлэх, хамгаалах үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөлтэй хамтын удирдлагын байгууллага бөгөөд Оюуны өмчийн газартай хамтран ажиллах гэрээ байгуулан ажилладаг.
Зохиогч нь өөрийн бүтээлийг бүхий л арга, хэлбэрээр ашиглах эд хөрөнгийн онцгой эрхтэй ба зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхэд бүтээлийг хуулбарлах, нийтэд түгээх, нийтэд дамжуулах,нийтэд тоглох,нийтэд дэлгэж үзүүлэх,түрээслүүлэх, үүсмэл бүтээл болгон өөрчлөх эрхийг хамааруулдаг. MOSCAP хамтын удирдлагын байгууллагад хөгжмийн зохиолч, ая зохиогч, дууны үг зохиогч, beatmaker, хөгжмийн бүтээлийн өв залгамжлагч, эрх шилжүүлэх гэрээгээр бүтээл авсан зохиогчийн эрхийг эзэмшигчид гишүүнээр элсэн зохиогчийн бүтээл ашиглуулах онцгой эрхээ манай нийгэмлэгээр төлөөлүүлэх боломжтой.
Ихэнх дуу хөгжмийн бүтээл хөгжмийн зохиолч, үг зохиогч, продюсер, хөгжмийн найруулагч, бичлэгийн студи, тоглогч уран бүтээлч дуучид олон хүний хамтын ажиллагааны үр дүнд бий болдог учраас зохиогчийн эрх ба түүнд хамаарах эрхийг хэд хэдэн хүн хувааж эзэмших нь түгээмэл.
Хэдийгээр бид зохиогчийн эрхийн тухай ойлголттой 1990-ээд оноос анхлан танилцсан ч хөгжмийн салбар дахь зохиогчийн эрх ба хамаарах эрх ялгаатай гэдгийг олон нийт төдийгүй уран бүтээлчид ч бүрэн дүүрэн ойлгоогүйн улмаас хамаарах эрх эзэмшигчид ба тоглогч уран бүтээлчтэй бүтээл ашиглах гэрээ байгуулан зохиогчдын эрхийг зөрчсөөр байна.
Монголын зохиогч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг “MOSCAP” нь хөгжмийн зохиолч, шүлгийн зохиогчид, зохиогчийн эрх эзэмшигчдийг гишүүнээр элсүүлж, өөрийн гишүүдийн хөгжмийн үгтэй болон үггүй бүтээлийн гүйцэтгэлийн эрх (performing rights) ба механик эрхийг (mechanical right) төлөөлөн хэрэгжүүлдэг. Харин фонограм бүтээгч ба тоглогч уран бүтээлчдийн хамаарах эрхийг хамгаалах байгууллага MCCP нь тусдаа дуу бичлэгийн эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг.
MOSCAP нь Олон улсын зохиолч, хөгжмийн зохиолчдын нийгэмлэгүүдийн холбоо CISAC (International Confederation of Societies of Authors and Composers) ийн дэмжлэгтэйгээр Монгол дуу хөгжмийн бүтээлийг арилжааны зорилгоор ашиглах тохиолдол бүрийг бүртгэх, хянах системийг Монгол улсад нэвтрүүлэхээр гэрээ байгуулан ажиллаж байна.
Энэхүү гэрээний хүрээнд Испани улсын bmat компанийн хамтын удирдлагын байгууллагад зориулан хөгжүүлсэн Atlas платформыг ашиглан Монголын үгтэй болон үггүй хөгжмийн бүтээлийг олон улсын стандартын дагуу бүртгэлжүүлж, зохиогч IPI дугаар болон хөгжмийн бүтээлийн ISWC олон улсын код олгохоор боллоо.
Дуу хөгжим бүтээгч Та зохиогчийн IPI дугаартай болж, таны дуу хөгжмийн бүтээл болгон өөрийн ISWC кодтой болсноор таны бүтээлийг олон улсын дижитал платформууд мониторинг хийж, ашиглалтыг тайланг бодитоор тооцох үндсэн суурь нөхцөл бий болох юм.
Одоогийн байдлаар Монголын дуу хөгжмийн бүтээлүүд зөвхөн олон улсын бичлэгийн ISRC кодтой, дуучин хамтлагийн IPN дугаартай байгаа тул дижитал стриминг үйлчилгээнээс Монгол улсад зөвхөн master rights royalty буюу бичлэгийн эрхийн төлбөр орж ирдэг.
Учир нь олон улсын стриминг үйлчилгээ үзүүлэгч компаниуд нь зохиогчийн эрхийн төлбөрийг зөвхөн зохиогчийн эрхийн хамтын удирдлагын байгууллагуудаар дамжуулан тухайн байгууллагын IPI дугаартай гишүүдийн ISWC кодтой бүтээлд олгодог тул одоогоор Монголын дуу хөгжмийн зохиогч ба эрх эзэмшигчид өнөөг хүртэл гүйцэтгэлийн эрхийн роялти (performing royalty) ба механик эрхийн роялтигаа (mechanical royalty) Digital Streaming Service provider олон улсын дижитал стриминг үйлчилгээ үзүүлэгчдээс авдаггүй байна.
Монголын зохиогч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг MOSCAP НЬ PLAYTIME хөгжмийн наадмын оролцогч хамтлаг уран бүтээлчдийн дуу хөгжмийн бүртгэх, ая зохиогч, үг зохиогч, beatmaker, DJ нарыг нийгэмлэгийн гишүүнээр бүртгэх үйл ажиллагааг Плейтайм хөгжмийн наадмын талбайд 7 сарын 3-6-нд зохион байгуулна.
Та бүхэн хөгжмийн зохиолчийн, дууны үг ая зохиогчийн IPI дугаар, хөгжмийн бүтээлийн ISWC кодтой болж өөрийн зохиогчийн эрхээ олон улсад баталгаажуулах хүсэлтэй бол бидэнтэй 72023999 утсаар info@moscap.mn хаягаар холбогдоно уу.
Гишүүнчлэлийн бүртгэлийн QR:
Уран бүтээлийн бүртгэлийн QR:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
