Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын талаарх өргөдөл гомдлыг их, дээд сургуулийн элсэлт хаагдахаас өмнө шийдвэрлэх боломжтой эсэхийг сэтгүүлчид Боловсролын сайд П.Наранбаяраас өнөөдөр тодрууллаа.
Уг асуултад тэрбээр "ЭШ дууссанаас хойш тав хоногт гомдол саналыг хүлээн авдаг. Өөрийнхөө материалтай танилцъя гэсэн 360 хүүхэд ирээд, үзэж танилцаад явсан. Тэр дор нь хариуг нь өгч байгаа" гэж хариулав.
Харин "ЭШ-ыг наймдугаар сарын 15-ны дотор дахин зохион байгуулах талаар яриа гарсан байна. ЭШ дахин зохион байгуулагдах уу" гэх сэтгүүлчийн асуултад "Тийм юм байхгүй. Энэ удаагийн шалгалтыг бльюпринт, хичээлийн хөтөлбөртэй уялдуулж мэргэжлийн хүмүүс боловсруулсан. Сайд байлаа гээд ямар шалгалт ирэхийг нь мэдэхгүй. Цагдаа, тагнуулын хяналтад явагддаг ажил.
Шалгалтын чанарыг олон улсын жишиг рүү илүү ойртуулж, чанарлаг болгох бодлого алдагдаж болохгүй. Гэхдээ энэ нь хөтөлбөр, сурах бичигтэйгээ уялдаж, жилийн дотор угзрах биш аажимдаа боловсролын чанараа дээшлүүлэх зорилгоор явагдах ёстой.
ЭШ нь уралдаант шалгалт гэдгийг анхаараарай. Энэ жил сургууль төгсөж байгаа бүх хүүхэд орж чадна гэсэн үг биш. Хөнгөнөөс дунд зэрэг, хүнд рүү орсон даалгавруудын хольц. Чадсанууд нь дээрээ гарч, чадаагүй хүүхдүүдэд дараагийн боломж нь бий. ЭШ-ыг жилд хоёр удаа зохион байгуулж байна.
Ороод бүгд 100 хувь бүгд тэнцдэг шалгалт дэлхийд байдаггүй биз дээ. Бүгд 100 хувь их сургуульд элсэж орно гэж байдаггүй шүү дээ" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!