2025-2026 оны хичээлийн жилд их, дээд сургуульд суралцах эрхийн төлөөх Элсэлтийн Шалгалт(ЭШ) дөрөв хоног үргэлжилж дууслаа.
Энэ удаагийн "Шалгалтын материал хүнд", "Сурагчдын бэлдэж байсан агуулгатай тохирсонгүй" гэдэг шүүмжлэл нийгэмд өрнөж байгаатай холбогдуулан Боловсролын Үнэлгээний Төв (БҮТ)-өөс дараах тайлбарыг хүргэв.
ЭШ-ын сэдэв, даалгавар, агуулгын талаар Боловсролын Үнэлгээний Төвийн Даалгаврын сангийн хэлтсийн дарга С.Гэндэнжамц мэдээлэл өглөө.
Тэрбээр хэлэхдээ "Элсэлтийн шалгалт бол өөрөө уралдаант шалгалт. Хүүхдүүдийг уралдуулж, эрэмбэлж, жагсаах зорилготой. Энэ зорилгоосоо хамаараад шалгалт янз бүр.
Тэгвэл ийм уралдаант, эрэмбэлж жагсаах зорилготой шалгалт ямар байх ёстой юм бэ?
Уралдаант шалгалтад нэг номерт тавигддаг шаардлага бол тухайн хүүхдийн авьяас, ур чадвар, мэдлэгийг тодорхой хэмжээнд эрэмбэлж жагсааж, түүнийг нь гаргаж ирэх боломжоор хангах зайлшгүй шаардлагатай.
Ингэснээр хамгийн өндөр оноотой сурагч хамгийн сайн сургуульд хүссэн мэргэжлээрээ элсэж орох боломж нээгддэг.
Шалгалтын агуулгыг хэрхэн яаж боловсруулдаг вэ?
Сургалтын үндэсний хөтөлбөр дээр ямар мэдлэг чадварыг тухайн хичээлээр өгнө гэсний дагуу тэр мэдлэг чадвараа эзэмшсэн үү, үгүй юу гэдгийг сургалтын хөтөлбөрөө дагаж сэдэв, даалгавруудаа боловсруулдаг.
Сэдэв, даалгавар боловсруулагчдыг тодорхой шалгуурын дагуу сонгож авна. Нэг хичээл дээр гурван хүн ажиллана. Тодруулбал:
Ийнхүү гурван хүний бүрэлдэхүүнтэй баг тодорхой хугацаанд нийгмээс тусгаарлагдан хараа хяналт дор ажилладаг" гэлээ.
Үргэлжлүүлэн "Сургалтын хөтөлбөрийн агуулга дээр суралцахуйн зорилтууд гэж бий. Тухайн зорилтууддаа хүрсэн эсэхийг яаж үнэлж, хэрхэн яаж хэмжээсжүүлэх вэ гэдэг нь Элсэлтийн Шалгалтын агуулга дээр төвлөрдөг.
Элсэлтийн Шалгалтын үр дүнг та бүхэн сонслоо.
"Шалгалтын агуулга хүнд байна" гэдгийн хэмжүүр үзүүлэлт вэ?
Хэрэв хүнд байсан бол өмнө жилийн онооноос хэт доош унана гэсэн үг. Саяны үр дүнгүүдийг харахад өнгөрсөн жилийнхтэй ойролцоо утгыг үзүүлжээ.
ЭШ-ын сэдэв, даалгавар бол стандартчилагдсан байх ёстой бөгөөд найдвар, тохирц гэдэг зүйлийг хангаж боловсруулдаг.
Дараагийн асуудал нь ямар агуулгаар шалгалт авна гэсэн юм бэ тухайн агуулгаасаа зөрж орсон үед бага зэрэг хүнд болох зүйл ажиглагдана. Энэ чиглэлд хураангуй бльюпринт гэдэг зүйлийг гаргадаг. Энгийнээр хэлбэл үнэлгээний нарийвчилсан төлөвлөгөө.
Энэ төлөвлөгөөг багш нар шалгуулагчдадаа 2-4 сарын өмнө мэдэгддэг.
Хураангуй бльюпринт, дэлгэрэнгүй бльюпринт гэж хоёр төрөлтэй.
Бльюпринтд юу тавигддаг вэ?
Ямар хугацаанд хэдэн онооны, хэдэн даалгавар, ямар төрлийн даалгаврууд орох мэдээлэл дэлгэрэнгүй тавигдана.
Тухайлбал математик дээр 40 даалгавар орвол 36 нь сонгох даалгавар байна. Энэ нь 78 оноотой шүү.
Задгай дөрвөн даалгавар орно. Тэр нь үлдсэн 28 оноо нь гэхчлэн мэдээлэл нь тавигдана" гэж тайлбарлав.
Мөн "Боловсролын салбарт танин мэдэхүйн зургаан түвшин бий.
Хөнгөн түвшин буюу сэргээн санахаас авхуулаад анализ хийх, дүгнэлт хийх, бүтээх түвшин гэж өндөр түвшин рүү ахидаг.
Түрүүн хэлсэнчлэн ЭШ бол уралдаант шалгалт. Уралдаант шалгалтын үед хөнгөнөөс хүнд түвшний бүх даалгавар орох шаардлагатай.
Хэт хөнгөн даалгавар орвол бүх хүүхэд өндөр оноо аваад эрэмбэлж чадахаа болино. Өөрөөр хэлбэл шалгалт зорилгоо хангаж чадахгүй.
Хэт хүнд даалгавар орвол бүх хүүхэд шалгалтад хангалттай оноогоо авахгүй учраас мөн л эрэмбэлж чадахгүйд хүрнэ. Иймд ЭШ-д энгийнээсээ дундаж, ахисан, хүнд түвшний даалгаврууд ордог.
Энгийнээс эхлээд хамгийн хүнд түвшний даалгаврыг хүүхдүүд маань гүйцэтгээд өөрийнхөө чадвар чансааг харуулах боломжийг олгодог гэсэн үг.
Одоогоор ямар нэгэн байдлаар шалгалтын сэдэв агуулга бльюпринт буюу үнэлгээний нарийвчилсан төлөвлөгөөнөөс зөрсөн "хүндэдсэн зүйл байхгүй". Сурагчдад ийм асуудал байвал өргөдөл гомдол өгөх боломжтой" гэдгийг БҮТ-ийн Даалгаврын сангийн хэлтсийн дарга С.Гэндэнжамц хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!