Уншиж байна ...
Зураг
Зураг

Сэлэнгийн Цагааннуур, Алтанбулаг суманд болон Хөвсгөлийн Цагааннуур суманд ойн түймэртэй байна

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 6 сарын 24
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Түймэртэй буй нутаг дэвсгэрийг харуулсан хиймэл дагуулын зураглалыг Цаг уур, орчны шинжилгээний газар/ЦУОШГ/-аас мэдээллээ. 

2025 оны 6-р сарын 23-ны өдрийн хиймэл дагуулын мэдээгээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Цагааннуур суманд болон Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд ойн түймэр илэрсэн байна.

Дээрх хоёр аймгийн гурван суманд гарсан ойн түймэр 6-р сарын 24-ний өдрийн байдлаар цурамд ороогүй байгаа юм байна. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Шаамар, Мандал суманд гарсан түймрийг өнөөдөр унтраагаад байгаа юм. 

Энэ зун нийт нутгаар нэн их хуурайшилттай байгааг цаг уурын байгууллагаас анхааруулаад буй. 

"Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр аадар бороо орох төлөвтэй байна"

ЦУОШГ-аас мэдээлснээр өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй байгаа ба баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. 

Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр +22…+27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Хэрлэн, Онон голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +34…+39 градус, бусад нутгаар +29...+34 градус дулаан байна.