Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, хэлэлцсэн асуудлын нэг нь стратегийн ордуудад төрийн хувь эзэмшлийг тогтоохтой холбоотой асуудал байв.
Энэ асуудлаар өмнө нь Засгийн газрын тогтоолын дагуу Бүрэн Эрхт Төлөөлөгч(БЭТ) томилогдсон, мөн Ерөнхий сайдын захирамжаар Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар(ЗГХЭГ)-ын даргын ахалсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй.
Иймд нэг асуудлаар хоёр талд ажиллаж буйд чиг үүргийн давхардал бий эсэхийг шалгах, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудыг үнэлж дүгнэхээр шинэ ажлын хэсэг байгуулагджээ.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт "2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, байгалийн баялгийг одоогийн болон ирээдүйн иргэддээ тэгш шударгаар өвлүүлэх, эзэмшүүлэх, хүртээх асуудлыг шийдэж, Баялгийн сангийн тухай хуулийг 2024 онд баталж байв.
Баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, бодит үр дүнтэй байлгахын тулд стратегийн ач холбогдол бүхийн ордуудын тодорхой хувийг төр эзэмшиж, эзэмшсэн хувийн өгөөжөөсөө иргэддээ өгөх асуудлыг шийдвэрлэж эхэлсэн.
2007 онд стратегийн ордуудын жагсаалтыг баталсан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас үүрэг даалгавар өгсөн байдаг ч үндсэндээ 18 жилийн хугацаанд тодорхой ажил хийгдээгүй байв. Харин өмнөх Засгийн газрын үед үндэсний баялгийн өгөөжийг ард иргэддээ хүртээх ажлыг хийж эхэлсэн.
2024 оны Засгийн газрын 88 дугаар тогтоолд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтад өөрчлөлт оруулах, нэмэгдүүлэх, хил заагийг тогтоох, стратегийн ач холбогдол бүхий орд, түүний үүсмэл ордыг ашиглаж буй хуулийн этгээдийн хувьцааны төрийн эзэмших хувь хэмжээг тогтоох зэргийг тусгасан.
Энэ хүрээнд
БЭТ болон ажлын хэсэг нь тодорхой ажлуудыг өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн.
Эдгээр ажлын үр дүнг нягталъя, алдаа байвал засъя, удаашралтай бол хурдавчлуулъя гэсэн зорилгоор ажлын хэсэг байгууллаа. Нэг талд нь БЭТ, нөгөө талд нь ЗГХЭГ-ын дарга ажиллаж байдаг энэ давхардсан чиг үүргийг нэгдмэл болгох хүрээнд шалгаж нягтлах ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дэд даргаар ахлуулан холбогдох яамдын төрийн нарийн бичгийн дарга, хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг багтаан байгуулсан" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!