НҮБ-ын Далай гурав дахь бага хурал(UNOC3)-ыг Франц Улс 2025 оны зургаадугаар сарын 9-15-нд зохион байгуулах гэж байна.
Уг бага хурал нь зуу гаруй улсын Төр, засгийн тэргүүн нар болон эрдэмтэн судлаачид, эдийн засгийн төлөөлөгчид, олон нийтийн идэвхтүүд, ард иргэдийн төлөөлөл зэрэг бусад олон зуун оролцогчид Нийс хотноо хуран чуулж хамтын шийдвэр гаргах чухал мөч байх болно. Энэхүү завшааныг тохиолдуулан, Франц улс Далай тэнгисийг хамгаалах бодит үйл ажиллагаа хэрэгжүүлэх тухай маш тодорхой зорилго тавьсан.
Дэлхийн гурван хүн тутмын нэг нь далайгаас хамааралтай амьдарч байгаа хэдий ч өдгөө далай өөрөө аюулд байна. Үүнд зориулсан нэгдсэн удирдлага ч байхгүй, хадгалж хамгаалахад шаардлагатай санхүүжилт ч байхгүй ба энэ бол одоо хэр нь бидний бүрэн гүйцэд таньж мэдээгүй л яваа нэгэн томоохон орон зай юм. "Science" сэтгүүлийн судалгаагаар жил бүр 8 сая тонн хуванцрыг далайд хаяж байна гэсэн сэтгэл эмзэглэмээр тоо баримт гарсан. Үүнээс гадна далайн ашиглалтыг хэтрүүлснээс болж загасны нөөцийн гуравны нэгээс илүүг агнасан, усыг нь улам илүү хүчиллэг болгосон, далайн түвшин нэмэгдэж экосистем нь устаж үгүй болсон зэрэг асуудлууд бий болсон. Эдгээр үзэгдлүүд улам хурдсаж, уур амьсгалын өөрчлөлтөд шууд нөлөөлөх үр дагаврууд үүсгэж байна.
Одоо үйлдэл хийх цаг иржээ. Далайг хамгаалахтай холбоотой сорилтуудад бүрэн хариулахуйц урьд өмнө хэрэгжүүлж байгаагүй олон талт үйл ажиллагаануудыг эхлүүлэх цаг үетэй бид нүүр тулаад байна.
Уур амьсгалын дулаарлыг тогтоон барихын төлөө дэлхий хэмжээний гэрээ болох “Парисын гэрээ”-г байгуулсан COP21 уулзалтаас хойш арван жилийн дараа болж буй UNOC3 бага хурал ч гэсэн нэгэн түүхэн боломжийг бий болгож байна. Бага хурлын үеэр далайн тогтвортой ашиглалт, хадгалалт хамгаалалтын төлөөх олон улсын бодит пакт болох “Нийсийн гэрээ”-г байгуулна. Уг гэрээ нь 2015 онд НҮБ-аас баталсан тогтвортой хөгжлийн зорилтуудад бүрэн дүүрэн нийцэх юм.
Үүний тулд Нийс хотноо болох яриа хэлэлцээнүүд бодит, ажил хэрэг болох ёстой. Засаглалыг сайжруулах, санхүүжилтийг өсгөх, далайг илүү нарийн танин мэдэх зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.
Үндэсний эрх мэдлээс гадуур биологийн олон янз байдлыг хадгалах, тогтвортой ашиглах тухай гэрээ (BBNJ) нь засаглалд хамаарах нэн чухал хөшүүрэг болох болно. Их далай нь Далай тэнгисийн 60%-иас илүү хувийг эзэлдэг ба энд олон улсын эрх зүйгээр зохицуулдаггүй цорын ганц орон зай юм. Хяналт, нэгдсэн дүрэм журам байхгүйгээс болж нүүрс-устөрөгч түлш, хуванцраас үүссэн асар их хэмжээний бохирдол, хууль бус, зохицуулалтгүй загас агнуур, тусгай хамгаалалттай хөхтөн амьтдыг агнах зэрэг нийгэм-хүрээлэн буй орчны маш олон гамшиг нүүрлэж буй. Уг хууль эрх зүйгээс ангид байдалд цэг тавих BBNJ гэрээг хүчин төгөлдөр болгохын тулд нийт 60 улс үүнийг соёрхон батлах шаардлагатай.
Далайг хамгаалах үйл ажиллагааг төрийн болон хувийн хэвшлийн санхүүжилтийг ашиглах, тогтвортой цэнхэр эдийн засгийг дэмжих замаар хэрэгжүүлж болно. Далайгаас авах эдийн засгийн таатай үр ашгийг үргэлжлүүлэн хүртэхийн тулд тэнгис далайн нөөц баялгийг нөхөн сэргээгдэх нөхцөлийг бид бүрдүүлэх ёстой. Нийс хотод болох бага хурлаар олон улсын худалдаа, далайн тээвэр, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтын салбарт тус тус хамаарах хэд хэдэн үүрэг амлалтуудыг авна.
Эцэст нь, бид өөрсдийн мэдэхгүй, эсхүл хангалттай мэдээгүй байгаа зүйлээ хэрхэн хамгаалах вэ? Бид далайн талаарх мэдлэгээ гүнзгийрүүлж, түүнийгээ түгээх хэрэгтэй. Өнөөдөр бид Сар, Ангараг гараг зэргийн гадаргын зургийг гаргаж чадаж байгаа атлаа Далайн ёроолыг таньж мэдээгүй хэвээр байна. Гэтэл дэлхийн гадаргын 70%-ийг эзэлдэг. Хамтдаа, далайг илүү сайн танин мэдэж, өргөн хүрээнд хамтран ажиллахын тулд шинжлэх ухаан, инновац, боловсролд тэмүүлцгээе.
Улам бүр хурдсаж буй уур амьсгалын өөрчлөлт, далайн тэнгисийн нөөцийг хэтрүүлэн ашиглахтай тэмцэхэд далайн сорилтыг бусадтай нь адилтгах арга үгүй. Энэ бол бүгдэд хамаатай асуудал. Олон талт үзэлд эргэлзэх нь бид хамтын хариуцлагаа мартана гэсэн үг биш. Далай бол бидний ирээдүйн нэн чухал орон зай бөгөөд дэлхий дахины холбоос. Эх дэлхий, ирээдүй хойч үе, ард түмнийхээ төлөө бүгдээрээ хамтдаа хичээж UNOC3 хурлаар эргэлтийн цэг эхлүүлцгээе.
Эх сурвалж: Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайдын яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
|