Уншиж байна ...

Францын цагдаа нар барьцаалагдсан крипто саятны аавыг хуруугаа огтлуулсных нь дараа чөлөөлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Бямба гарагийн шөнө явуулсан тусгай ажиллагааны үеэр цагдаа нар Парис хотод барьцаалагдсан нэг хүнийг амжилттай чөлөөлсөн тухай Францын прокурорын байгууллага өчигдөр мэдээлжээ.

Чөлөөлөгдсөн хүн нь крипто валютын бизнесээр хөрөнгөжсөн хүний аав байсан бөгөөд барьцаалагсад хүүгээс нь их хэмжээний мөнгө нэхэж байсан гэнэ.

Уг ажиллагааны үеэр долоон хүнийг баривчилжээ.

Барьцаалагдсан хүнийг өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт Парисын өмнөд хэсгийн 14 дүгээр дүүргийн нутаг дэвсгэрээс хулгайлсан юм байна.

Нүүрэндээ багтай дөрвөн этгээд гудамжнаас хохирогчийг хулгайлж, микро автобусанд суулган авч явахыг гэрчүүд харж байжээ.

Барьцаалагчид хэр хэмжээний мөнгө нэхсэн талаар прокурорын байгууллага мэдээлээгүй байна.

Гэмт этгээдүүд 5-7 сая евро нэхэж байсан ч нэхсэн мөнгийг нь өгөөгүй тухай Le Parisien сонин мэдээлжээ.

Мөрдөх ажиллагаанд оролцож буй эх сурвалжийн мэдээлснээр хохирогчийг чөлөөлөх үеэр түүний гарын нэг хурууг огтолсон байсан гэнэ.

“Хэрвээ цагдаа нар амжиж чөлөөлөөгүй бол илүү олон хуруугаа алдах эрсдэлтэй байсан” гэж эх сурвалж ярьжээ.

Францын дотоод хэргийн сайд Бруно Ретайлло шийдвэрлэх ажиллагааг амжилттай зохион байгуулсан цагдаагийн албан хаагчдаа сайшаасан мэдэгдлийг сошиал хуудсандаа нийтэлсэн байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр хохирогч болон түүний хүү Мальта улсад бүртгэлтэй крипто валютын маркетингийн компанийн эзэмшигчид байжээ.

Тэд өмнө нь бас янз бүрийн заналхийлэлд өртөж байсан гэнэ.

Энэ оны нэгдүгээр сарын 21-ний өдөр Францын бас нэг крипто валютын бизнес эрхлэгчийг гэмт хэрэгтнүүд эхнэрийнх нь хамт хулгайлж байжээ.

Хохирогч Давид Балланд нь $1 тэрбум гаруйн үнэлгээтэй Ledger компанийн үүсгэн байгуулагчдын нэг байсан юм.

Балландыг барьцаанаас чөлөөлөх үед бас нэг хурууг нь огтолсон байжээ.

Түүнийг хулгайлагдсанаас нь хойш нэг өдрийн дараа чөлөөлсөн бол найз бүсгүй нь Парисын захын Эссон дүүрэгт автомашины ачааны хэсгээс хүлээстэй олдсон байна.

 

Эх сурвалж: AFP