1999 оны долдугаар сард манга зохиолч Рёо Тацүки “Ваташи га Мита Мираи” (Миний харсан ирээдүй) нэртэй номоо хэвлүүлж байжээ.
Уг номдоо зохиолч өөрийнх нь зөгнөлүүд хэрхэн биелж байсан талаар бичиж, ирээдүйн зарим үйл явдлыг зөгнөсөн байв.
2011 оны гуравдугаар сарын 11-нд Японы зүүн бүс нутагт газар хөдлөлт, цүнамигийн томоохон гамшиг болсны дараа энэ ном олны анхаарлын төвд орж байжээ.
Учир нь “Ваташи га Мита Мираи” номд тодорхой газар орон, цаг хугацаа заагаагүй ч 2011 оны гуравдугаар сард байгалийн томоохон гамшиг тохиох тухай бичсэн байв.
Улмаар 2021 онд хэвлүүлсэн “Ваташи га Мита Мираи Канзенбан” (Миний харсан ирээдүй: Бүрэн хувилбар) манга бүтээлдээ зохиолч 2025 оны долдугаар сарын 5-нд бас нэг том гамшиг тохиох тухай зөгнөжээ.
Энэ зөгнөл нь Японд төдийгүй бусад улс орнуудын иргэдийн анхаарлын төвд орсон байна.
Улмаар энэ зуны Японы аялал жуулчлалын салбарын идэвхэд нөлөөлж эхэлжээ.
Тухайлбал Хонконгийн иргэдийн дунд дээрх манга нэлээд эрэлттэй байгаагийн улмаас Японы зорих жуулчдын тоо нь буурсан байна.
Хонконгийн Greater Bay Airlines компани эрэлт буурсантай холбогдуулан Японы чиглэлийн нислэгийн тоогоо цөөрүүлэхээр болсныг саяхан зарлажээ.
Нислэгийн захиалгын тоо төсөөлж байснаас 30 хувиар бага байгаагийн учир шалтгааныг судлахад дээрх манга нөлөөлсөн нь тогтоогдсон гэнэ.
Мангагаас гадна Хонконгийн нэг алдартай фэншүй судлаач могой жилийн төлөвийг танилцуулахдаа Японд зургаагаас наймдугаар сарын хооронд хүчтэй газар хөдлөлт тохиож болзошгүйг анхааруулсан нь үүнд нөлөөлжээ.
Энэ асуудлаар Японы Мияги мужийн захирагч Ёшихиро Мурай саяхан хэвлэлд ярихдаа “Шинжлэх ухааны үндэслэлгүй нотолгоонд үндэслэсэн энэ мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсан нь аялал жуулчлалын салбарт нөлөөлсөн гэж би бодож байна” гэж хэлжээ.
Эх сурвалж: Japan Today
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
27 СЭТГЭГДЭЛТЭЙ
|