Галын аюултай бүсэд тамхи татаж, шаардлага тавьсан ажилтан руу хутга гарган танхайрсан иргэнийг 7 хоног баривчилжээ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 49,931 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 330 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Хэргийг ангиллаар нь авч үзвэл:

  • Хүний амь нас хохироосон нэг
  • Бусдын биед халдаж хохирол учруулсан 125
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг найм
  • Өмчлөх эрхийн эсрэг 95
  • Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг ес
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг долоо
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 81
  • Бусад төрөлд хамаарах дөрвөн хэрэг байна. 

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн зөрчлийн талаарх дараах мэдээллийг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч А.Дэмбэрэлдодов хүргэлээ. 



Галын аюултай бүсэд тамхи татаж, шаардлага тавьсан ажилтан руу хутга гаргаж танхайрсан иргэнд хариуцлага оногдуулжээ.

Тодруулбал Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх газрын талбайд тамхи татсан иргэнд “Галын аюултай бүсэд байна” гэж шаардлага тавьсан ажилтан руу хутга гаргаж танхайрсан гэх видео мэдээлэл нийтлэгдсэн.

Уг үйлдэлд цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, иргэн Б-гийн үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, танхайрсан үйлдэлд энэ оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар долоо хоногийн хугацаанд баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

ВИДЕО: