Хадмынхаа талын өндөр настнуудыг мөөгөөр санаатай хордуулж алсан эмэгтэйн шүүх хурал өнөөдөр Австралид эхэлж байна.
Одоо 50 настай шүүгдэгч Эрин Паттерсон 2023 онд дөрвөн хүнийг өөрийн хийсэн хортой мөөгтэй өдрийн хоолоор дайлсан юм.
Үүний улмаас гурван хүн нас барсан нь Паттерсоны хадам ээж Гэил Паттерсон, хадам аав Дональд Паттерсон, Гэилийн эгч Хидер Уилкинсон нар байжээ.
Дөрөв дэх хохирогч болох Хидерын нөхөр Ян Уилкинсон эмнэлэгт хоёр сар орчим хугацаанд эмчлүүлсний эцэст амьд үлдсэн юм.
Өчигдөр буюу Мягмар гарагт Австралийн зүүн өмнөд бүсийн Викториа мужийн орон нутгийн шүүхийн байранд уг хэргийг шүүх шүүгчдийн бүрэлдэхүүнийг сонгох ажил эхэлсэн байна.
Шүүх хурал өнөөдөр өглөө эхлэхээр болжээ.
Австралийн төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татсан энэ хэргийн талаар өнгөрсөн хугацаанд хэд хэдэн цуврал подкаст, телевизийн баримтат кино хүртэл гарсан юм.
Шүүх хурлын танхимд хэвлэл мэдээллийн байгууллагуудад зориулсан зургаан суудал гаргаж, өдөр бүр сугалаагаар хуваарилахаар болжээ.
Үүнээс гадна шүүх ажиллагаанд олон арван хүн ажиглагчаар оролцох төлөвтэй байгаа гэнэ.
Таваас зургаан долоо хоногт үргэлжлэх төлөвтэй байгаа шүүх ажиллагаа олон нийтэд нээлттэй явагдах ч телевизээр шууд дамжуулахгүй юм байна.
Викториа мужийн дээд шүүх шударга шийдвэр гаргуулахын тулд зохион байгуулалтын маш нарийн удирдамжийг дунд шатны шүүхэд өгчээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!