Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын баярыг тохиолдуулан Украины фронт дээр тавдугаар сарын 8-наас 10-ны хооронд гурав хоног гал зогсоох шийдвэрийг ОХУ-ын ерөнхийлөгч Путин өчигдөр зарлалаа.
Москва уг шийдвэрийг нь Украины тал бас дагана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд хэрвээ зөрчвөл зохих хариу арга хэмжээг авахаа анхааруулжээ.
Путин өмнө нь Улаан өндөгний баяраар үүнтэй ижил нэг талын гал зогсоох шийдвэрийг зарлаж байсан юм.
Гэхдээ 30 цагийн хугацаатай энэхүү гал зогсоох шийдвэрийг зөрчсөнд дайтагч талууд харилцан нэгнээ буруутгаж байв.
“Оросын тал Ялалтын баярын 80 жилийн ойн үеэр буюу тавдугаар сарын 7-8-нд шилжих шөнө дундаас тавдугаар сарын 10-11-ний шөнө дунд хүртэл гал зогсоох шийдвэр гаргаж байна. Энэ хугацаанд бүх байлдааны ажиллагааг түр зогсооно. Украины тал үүнийг дагана гэдэгт Оросын тал найдаж байна. Украины тал түр эвлэрлийн гэрээг зөрчсөн тохиолдолд Оросын зэвсэгт хүчин зохих үр дүнтэй хариу арга хэмжээг авах болно” гэж Кремлиэс мэдэгджээ.
Харин Украины ерөнхийлөгч Володимир Зеленский үүнийг нь “хууран мэхлэх оролдлого” гэж тодорхойлсон байна.
“Энэ бол хууран мэхлэх шинэ оролдлого. Бүгд ямар нэг шалтгаанаар тавдугаар сарын 8 хүртэл хүлээх ёстой болж байна” гэж тэр хэлжээ.
Өөрөөр хэлбэл дайн зогсоох үйл явцыг сунжруулах нэг арга гэж үзэж байгаагаа ингэж илэрхийлсэн байна.
Өнгөрсөн сард АНУ-ын засаг захиргаа ямар нэг урьдчилсан болзол нөхцөлгүйгээр 30 хоног бүрэн гал зогсоох санал гаргасныг Путин хүлээж авахаас татгалзсан юм.
Киев болон Европын эрх баригчид Улаан өндөгний баярын 30 цагийн хугацаатай гал зогсоолтыг Путиний “пиар” байсан гэж шүүмжилж байгаа.
Гал зогсоох Путиний гэнэтийн шийдвэр нь Трампын засаг захиргаа энэ долоо хоногийг Украины дайныг зогсоох чиглэлд ахиц дэвшил гарч болзошгүй шийдвэрлэх долоо хоног гэж тодорхойлсон цаг үетэй давхцаж байна.
Бямба гарагт Ромын папын оршуулгын үеэр Зеленскийтэй уулзсаныхаа дараа Дональд Трамп энх тайван тогтоох асуудалд Оросын тал нухацтай хандаж байгаа эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн.
Гал зогсоох шийдвэр Москвад гарч байх хооронд Оросын пуужингууд Украины иргэдийг онилсоор байлаа.
Даваа гарагийн өглөө эрт Оросын тал Покровск хотын ойролцоо оршдог Украины тосгонд агаараас довтолсны улмаас нэг гэр бүлийн хос болон бас нэг иргэн амиа алджээ.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Оросын тал өөрийн Курск мужийн нутгийг Украины хяналтаас бүрэн чөлөөлж дууссанаа зарласан юм.
Өчигдөр Путин уг ажиллагаанд цэргүүдээ оролцуулж, тусалсан Умард Солонгосын удирдагч Ким Жон Унд баяр хүргэжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!