Богд уулын түймэр бүрэн унтраагүй, 23:10 цагт цурамд оруулсан буюу түймрийг хяналтдаа аваад байгаа ба одоогоор дотогшоо түймрийн голомт руу унтраах ажиллагаа явагдаж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Богд ууланд албаны 140 гаруй хүн, 50 гаруй автомашинтайгаар ажиллаж байгаа аж. Түймрийг НОБГ-ын дарга Хурандаа н.Галбадрах, НОК-ын дарга Хурандаа н.Оюунбат нар газар дээр нь удирдан ажиллаж байгаа юм байна.
Орой 18:00 цагт Богд уулын түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн ба урьдчилсан байдлаар шалтгаан нөхцөлийг тодруулах боломжгүй гэдгийг ОБЕГ-аас мэдээлэв.
Түүнчлэн Богдхан уул болон Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймэртэй холбоотойгоор олон нийтийн сүлжээнд иргэд түймрийг унтраах ажилд сайн дурын санаачилга өрнүүлж байгаад мэргэжлийн байгууллагуудын зүгээс шөнө орой, салхи шуурга ихтэй үед энгийн иргэд түймэр унтраах ажиллагаанд оролцох нь эргээд амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэйг сануулав.
Иймд мэргэжлийн байгууллагын унтраах үйл ажиллагаа дуустал гал унтраахад олон нийтийг уриалахгүй байхыг зөвлөв.
Олон нийтийн дэмжлэг туслалцаа хэрэгтэй болбол мэргэжлийн байгууллагаас олон нийт рүү хандах болно. Эхний ээлжид мэргэжлийн бүлгүүд унтраах ажиллагааг зохион байгуулж байна гэдгийг анхаарууллаа.
Гал түймрийн мэдээллийг ОБЕГ болон бусад мэргэжлийн байгууллагуудын цахим хуудаснуудаар цаг тухайд нь мэдээлээд явж байгаа учраас албан ёсны мэдээллийг харж байхыг зөвлөв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!