Манай дэлхийгээс алс хол зайд оршдог гараг дээр амьдрал агуулагдаж байж болзошгүй шинж тэмдэг илрүүлснээ Кэмбрижийн Их сургуулийн эрдэмтэд зарлажээ.
Энэ нь NASA-гийн James Webb Space Telescope (JWST) сансрын дурангаар илрүүлсэн хоёр дахь тохиолдол бөгөөд өмнөхөөсөө илүү тодорхой гэдгээрээ онцлог юм байна.
K2-18b нэртэй гарагийн атмосферийн бүтцээс илэрсэн молекул нь манай дэлхий дээр зөвхөн амьд организмаас ялгардаг юм.
Одоо эрдэмтэд энэ нээлтээ улам баттай болгохоор ажиллаж байгаа ажээ.
“Энэ бол харь гараг дээр амьдрал оршин байж магадгүйг харуулсан өнөөдрийг хүртэл олдсон хамгийн тод шинж тэмдэг юм. Бид олж авсан мэдээллээ ойрын нэгээс хоёр жилийн дотор батлах боломжтой” гэж Кэмбрижийн Их сургуулийн Астрономийн хүрээлэнгийн профессор Никку Мадхусудхан хэлсэн байна.
K2-18b гараг нь манай дэлхийгээс 2.5 дахин том хэмжээтэй, 1,120 гаруй их наяд километр буюу 124 гэрлийн жилийн зайд оршдог.
Тиймээс хүн төрөлхтөн одоогоор хүрэх боломжгүй юм.
JWST телескоп тойрон эргэж буй одных нь дайран гарах гэрлийн туяаг шинжлэх замаар аливаа гарагийн атмосферийн химийн бүтцийг тодорхойлдог.
Кэмбрижийн эрдэмтэд тус гарагийн атмосферт амьд организмаас ялгардаг хоёр төрлийн молекул илрүүлсэн нь
диметил сульфид (DMS), диметил дисульфид (DMDS) юм байна.
Эдгээр нь манай дэлхий дээр далайн питопланктон болон бактериудаас ялгардаг ажээ.
Ганцхан удаагийн ажиглалтаар илэрсэн молекулын хэмжээ эрдэмтдийг гайхшируулж байгаа юм байна.
“Бидний тооцоолсон энэ хийн хэмжээ дэлхий дээрхээс хэдэн мянга дахин их байгаа юм. Тиймээс энэ шинж тэмдэг батлагдвал тус гараг дээр амьдрал буцалж байгаа гэсэн үг” гэж профессор Мадхусудхан ярьжээ.
“Хэрвээ K2-18b гараг дээр амьдрал байгааг баталбал манай галактикт амьдрал түгээмэл байдгийн нотолгоо болох юм” гэж тэр цааш нь ярьсан байна.
Гэхдээ судалгааны одоогийн үе шат нь маш олон “хэрвээ”, “гэхдээ” гэсэн үгсээр дүүрэн байгааг Мадхусудхан хүлээн зөвшөөрчээ.
Шинэ нээлт нь одоогоор 99.7 хувийн магадлалтай байгаа бөгөөд 99.99999 хувьд хүргэсэн тохиолдолд үнэн зөвд тооцогдох юм байна.
“Хэдэн арван жилийн дараа бид энэ цаг мөчийг эргэн харахдаа амьд орчлон ертөнцийн сэжүүрээс атгасан үе болохыг хүлээн зөвшөөрч магадгүй юм. Энэ бол орчлон ертөнцөд бид ганцаараа оршдог эсэх тухай үндсэн асуултын хариуг өгөх хамгийн чухал цэг байж болно” гэж профессор Мадхусудхан хэлжээ.
Тэдний багийн судалгааны тайлан “The Astrophysical Journal Letters” сэтгүүлд нийтлэгдсэн юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
72 СЭТГЭГДЭЛТЭЙ
|