Цагдаагийн байгууллагаас хар тамхитай холбоотой олон гэмт хэргийг илрүүлж, мансууруулах төрлийн их хэмжээний бодисыг хураан авч байгаа.
Гэтэл Хар тамхитай тэмцэх газарт шалгагдаж байсан, шүүхээр буруутай нь эцэслэн тогтоогдсон хүмүүс тус газрын алба хаагчдын нэр хүндэд халдах, гүтгэх зэрэг дайралт их ирж байгааг Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийнх нь дарга, цагдаагийн хурандаа Б.Батхуяг хэллээ.
Тэрбээр "Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдыг хураасан бодисоо авч зарж борлуулдаг, өөрсдөө хэрэглэдэг гэх мэтчилэн гүтгэлгийн шинжтэй мэдээлэлд хариу тайлбар өгөх нь зүйтэй.
Алба хаагчдыг мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг улирал бүр шалгадаг. Дотоодын хяналт шалгалт болон Цагдаагийн Ерөнхий Газрын Аюулгүй байдлын газраас хяналт тавигддаг. Иймд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэнэ гэсэн ойлголт байхгүй. Энэ хүмүүс тангараг өргөөд хар тамхитай тэмцэхийн тулд өдөр шөнөгүй, нойр хоолгүй явж байж олон хэргийг илрүүлж байгаа. Өөрийнхөө зорилго, ажлын чиг үүргийг ухамсарласан залуус. Харлуулах зүйлс явуулж байгаа хүмүүс нь Хар тамхитай тэмцэх газрын хүчийг сулруулах сөрөг пиар хийж байна.
Эд мөрийн баримттай холбоотой зүйл дээр тайлбар өгье.
Устгалыг Хар тамхитай тэмцэх газрын даргын тушаалаар байгуулагдсан бүрэлдэхүүн гүйцэтгэнэ. Бүрэлдэхүүнд Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газраас төлөөлөл багтаж, прокурорын хяналтад устгалын ажиллагааг явуулдаг. Энэ ажиллагаа нь эхлэхээс дуусах хүртлээ камерын бичлэгт үлддэг. Мөн эд мөрийн баримтаа нэг бүрчлэн хэмжээгээр нь тулгаад шатааж устгана.
2025 оны нэгдүгээр улиралд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн 151 хэргийн эд мөрийн баримтыг устгасан.
Тухайлбал
Манай байгууллагаас илрүүлсэн хэрэг, баривчилгааны талаар мэдээллийн дор иргэд маш их сэтгэгдэл үлдээсэн. Дийлэнх нь эерэг сэтгэгдэл бол сөрөг нь ч байна. Үүнд цагдаагийн байгууллага, Хар тамхитай тэмцэх газрыг харлуулах гэсэн сэтгэгдэл байгаагаас гадна ялын бодлого сул байна, чангаруулаач гэжээ.
Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид хууль тогтоох эрх мэдэл хэрэгжүүлдэггүй. Ийм сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс өөрийнхөө тойрогт сонгогдсон гишүүнд хандаж, саналаа өгч болно.
Мөн олны танил хүмүүс маш буруу мэдээлэл өгч байна. Мансууруулах үйлчилгээтэй каннабисын төрлийн ургамлыг хүний биед сайн, эмчилгээнд хэрэглэдэг, эмчилгээнд хэрэглэдэг эмийг хэрэглэсэн, хадгалсан тохиолдолд ял шийтгэл оноож байгаа нь хууль бус гэж яриад байна. Энэ буруу мэдээллийг авсан хүүхэд залуус хэрэглэх тохиолдол гарч байна. Иймээс буруу мэдээлэл өгөхөө болино уу.
Каннибисын төрлийн ургамал нь дэлхий дээр 100 гаруй сорт бий. Манайд хоёр сорт нь ургаж байна. Уг ургамал нь мансууруулах үйлчилгээ үзүүлж буй химийн элемент нь ТНС буюу дельта-9 тетрагидроканнабинол. Энэ нь л мансууруулах үйлчилгээ үзүүлдэг. Тухайлбал CBD бол эмчилгээний зорилгоор олон улсад судлагддаг бөгөөд амьтан болон хүнд туршилтууд хийж байгаа. Гэхдээ албан ёсоор эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрөөгүй. Зарим тохиолдолд уналт таталтын хүнд өвчинд хэрэглэдэг ганц нэг улс байгаа" хэмээв.
Түүнчлэн тэрбээр "Буруу мэдээлэл өгөөд байгаа иргэн нь Хар тамхитай тэмцэх газар шалгагдаж, ял шийтгэгдэж байсан хүн бий. Яриад байгаа есөн салаат гэх эмчилгээнд хэрэглэдэг ургамал нь байдаггүйг Ботаникийн хүрээлэн болон уламжлалт анагаах ухааны тан хийдэг хүмүүс хэлсэн.
Тухайн каннабисын төрлийн бодисыг хэрэглэсэн үедээ хүн амины гэмт хэрэг үйлдсэн асуудал 2021онд бүртгэгдсэн. Эзэнгүй байшингаас цогцос олдсон гэмт хэргийг цагдаагийн байгууллага шалгаад илрүүлсний дараа гэмт этгээдээс биологийн дээж авч шалгахад каннабисын төрлийн ургамал илэрсэн.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!